Хонины ноосоор утааг бууруулах шинэ технологи нэвтрүүллээ
Жил жилийн өвөл агаар биш, угаар болсон саарал тэнгэрийг харах бүр утаа хэмээх гамшигаас хэзээ нэг ангижрах бол, жавартай ч гэсэн цээж дүүрэн амьсгалах цэнгэг агаарыг ямар аргаар эргүүлэн авчирч болох вэ гэж бодож үзээгүй хүн нийслэл хотод үгүй биз. Хотын утаа, угаар юунаас үүдэлтэйг хүн бүр мэднэ. Хүн амын хэт төвлөрөл, хот руу чиглэсэн их нүүдлийн үр дүнд өвлийн улирал утаа гаргах яндангийн тоо нэмэгдсэнтэй холбож үздэг. Үндсэн хуулинд иргэн хүн амьдрах газраа өөрөө сонгоно гэж заасан тул хотыг зорьсон нэгнээ илүүд үзэх эрх бидэнд байхгүй.
6
Ямартаа ч өнгөрсөн хугацаанд нийслэлийн утааг багасгахын тулд утаагүй зуух, коксжсон нүүрс, дулаан алдагдуулахгүй гэрийн дулаалга зэрэг маш олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийг санаачлагчид төсөл хэрэгжүүлснээр хотын утааны хоруу чанар багассан гэж байгаа ч утаа байсаар л байгаа. Ямар сайндаа л “Утаатай хэн тэмцэж байгаа вэ гэвэл салхи л тэмцэж байна” гэсэн яриа иргэдийн дунд гарах болсон. Үнэндээ утааг салхи шиг үлээгээд арилгачих боломжгүй. Олон жилийн туршид нэмэгдэн нэмэгдсээр өнөө ийнхүү гамшигийн хэмжээнд хүрээд байна.
6
Утааг багасгах хамгийн шилдэг арга бол гэр хорооллыг барилгажуулах гэж нэг хэсэг нь ярьж буй. Гэвч энэ нь нэлээдгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдаж буй. Ийнхүү утаатай тэмцэх аргыг хүн бүр эрэлхийлж буй энэ цаг үед Таван богд группын хамт олон “Утаагүй Улаанбаатарын төлөө дулааны алдагдалгүй гэр буюу “Пассив гэр” төсөл"-ийг санаачилжээ. Энэхүү төслийг Таванбогд группын төв байранд УИХ-ын дарга З.Энхболд, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
6
Төслийн танилцуулгыг Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Ирэх оны гуравдугаар сараас эхлэн Daemwool технологиор хонины ноосоор эсгий үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлэх уг төсөл хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээ багасч, агаарын бохирдол буурах, монгол хонины ноосны эрэлт ихсэх, малчдын орлого нэмэгдэнэ. Мөн дулааны алдагдалгүй дулаалгын материал үйлдвэрлэсэнээр ажлын байр нэмэгдэхээс гадна энэхүү материалаар монгол гэрийг дулаалахаас гадна Канад хаус болон гэр хорооллын байшингуудын дулаалгыг шийдэх бүрэн боломжтой. Бидний энэ дулааны алдагдалгүй дулаалгын материал нь хонины ноосыг ашиглан хийх бөгөөд чийгэнд болон галд онцгой тэсвэртэй, шингээлт болон агаар нэвтрүүлэлтийн төгс орчинг бий болгоно. “Пассив гэр” төслийн гол үзүүлэлт нь дулааны алдагдахгүй байх, агаар нэвтрүүлэхгүй байх. Энгийн гэрийн эсгий нягт, хүнд байдгаас 2-оос илүү давхарлаж болдоггүй. Харин Daemwool дулаалгын материал монгол эсгийнээс 6 дахин хөнгөн тул олон давхарлах боломжтой. Энгийн эсгий гадаа -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайгаар цагт 50вт дулаан алддаг бол Daemwool дулаалгын материал гадаа -30 хэмийн хүйтэнд 1м2 талбайгаар цагт 37вт дулаан алддаг. Мөн бидний энэ удаа танилцуулж буй гэр нь шалны нэмэлт халаагууртай, агаарын шүүгч байрлуулсан, тооноо вакум цонхтой болгосон. Учир нь монгол гэрийн хамгийн их дулаан алддаг хэсэг нь тооно гэдгийг тогтоосон” гэв.
6
Их хурлын дарга З.Энхболд энэ үеэр “Монгол гэрийн уламжлалт дулаалгын аргыг дэлхийн стандартаар шинэчилж байгаа юм байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын утааг бууруулах боломж байна. Үйлдвэрлэх нөөц бололцоо ч бидэнд байна. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхэд бидний зүгээс энэхүү шинэ технологиор гэрээ дулаалахыг хүссэн иргэнд хөнгөлттэй зээл олгоё. Агаар шүүгч, шалны халаагч импортлох компаниудын дунд тендер зарлаж боломжийн үнээр нийлүүлэхэд анхаарал хандуулж болж байна. Дулаалгын материалыг үйлдвэрлэхдээ ганцхан танай компанийн үйлдвэрт хийлгүй хөдөө орон нутагт ноос угаах үйлдвэрүүдийг түшиглэн шинэ технологийн ноос үйлдвэрлэх боломж байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлснээр ирэх өвөл утаа гаргадаг яндангийн тоо багасна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Шалны халаагч ашигласан тохиолдолд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон аргаар хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчдод хөнгөлөлттэй зээл тусламжаар дэмжлэг үзүүлэх боломжтой” гэв.
6
Энэхүү Daemwool технологийн хонины ноосоор хийсэн эсгий дулаалгын материалаар хийсэн гэрийн танилцуулгыг шинэ оны дараахан Чингис хааны талбайд байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ