Хамгаалалтын зурвасын 3400 зөрчил илэрчээ

img

МХЕГ-аас “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь Дунд даралтын станцын зуухнуудын тогоо, уурын шугамд суурилагдсан пүршт хамгаалах хавхлагуудыг туршиж, тохируулдаггүй, зуухнуудын хэсэгт байнгын болон аваарийн гэрэлтүүлэг бүрэн тавигдаагүй нь илэрчээ.  Харин  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон байхад 2013 онд Эрчим хүчний яам болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас нийт 252 барилга объектод 184,7 Гкал/ц дулааны эрчим хүчийг хангахаар техникийн нөхцөл олгосон. Ингэснээр одоогийн байдлаар Улаанбаатар хот дулааны эрчим хүчний дутагдалд орж, дулаан хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрджээ.  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд, нийслэлийн зургаан дүүрэгт энэ оны эхний хагас жилийн байдлаар 6 кВ-35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурвасын 3400 зөрчил илэрч, болзошгүй эрсдлийг үүсгэж байгаа аж. Компанийн эзэмшлийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг зөрчсөн тухайлбал 2013 оны эхний хагас жилийн байдлаар 3400 гаруй зөрчил илэрч байгаа нь эзэмшигч болон төр захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ