МУИС-ийн багш нар А.Галтбаярт итгэл үзүүлэхгүй гэв
Өнөөдөр МУИС-д Ардчилалыг сэргээх түр хорооны гишүүд мэдээлэл хийлээ. Учир нь тэд МИУС-д хийгдэж буй шинэ бүтцийн өөрчлөлтийн үйл явцтай уялдуулан “МУИС-ын захирал А.Галтбаяр, түүний удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх” асуудлаар МУИС-ийн бүх бүрэлдэхүүн сургуулийн багш нарын дунд санал асуулга явуулжээ.
Судалгаанд 553 багш ажилчид хамтрагдсан нь нийт МУИС-ийн багш ажилчдын 38,3 хувь болж байгаа юм. Үүнээс нийт санал өгсөн багш ажилчдын 19,8 хувь нь итгэл үзүүлнэ гэсэн бол 80,2 хувь нь үзүүлэхгүй гэсэн саналыг өгсөн байна.
Энэ талаар МУИС-д Ардчилалыг сэргээх түр хорооны гишүүд мэдэгдэхдээ “Бид бүтцийн шинэчлэлийг эсэргүүцээгүй. Харин шинэ удирдлагууд үгсэн хуйвалдаж бүтцийн өөрчлөлт нэртэйгээр санхүү болон удирдлагыг нэгээс хоёр хүний гарт төвлөрүүлэх гэж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс МУИС-ийн зургаан салбар сургуулийн 30 гаруй багш нарын байгуулсан "Ардчилалыг сэргээх түр хороо"-ноос өмнө нь шаардлага хүргүүлэхээс авахуулаад жагсаал цуглаан хүртэл зохион байгууллаа. Харин энэ удаад тэд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад “Захирал А.Галтбаяр түүний удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх” талаар санал асуулга явуулсан. Санал асуулгыг өчигдөр 12.00-14.00 цагийн хооронд явуулсан бөгөөд орон нутгийн Завхан Орхон зэрэг аймагт байгаа бүрэлдэхүүн сургуулиуд хамрагдаж чадаагүй” гэв.
Түүнчлэн тэд энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр өглөө МУИС-ийн захирал А.Галтбаярт танилцуулснаа дуулгав. Мөн цаашид түр хорооны шаардлагуудыг хүлээж авахгүй энэ хэвээр байх аваас тэд бусад холбоод ТББ-уудтай хамтарч ажиллан үйл ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ