Дорноговьд болсон Ардчилсан намынхны тоглолт
Аймгууд дахь сандал ширээний хэрүүл үргэлжилсээр буй. Хэд хэдэн аймаг Засаг даргаа сонгож чадахгүй, сонгосон нэг нь Ерөнхий сайдад таалагдахгүй, эсвэл сонгосон даргаа ИТХ нь огцруулсан гээд мэдээллүүд бий. Зарим аймаг өнгөрсөн долоо хоногоос Засаг даргатай болж, зарим нь хуучин даргаа буцаан авч, зарим нь шинэ дарга томилох шаардлагатай болсон. Тухайлбал, Дорноговь аймгийн ИТХ-аас Засаг даргаа огцруулах шийдвэр гаргаж Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгээ хариу мэдэгдсэнээр тус аймгийн асуудал ойрын хугацаанд намжжээ. Гэвч одоо сөхөхөд оройтоогүй улс төрийн паян Дорноговьд болсон гэнэ.
6
Тус аймгийн ИТХ 24 төлөөлөгчтэй юм байна. Түүний 16 нь Ардчилсан намынх, 10 нь Ардын намынх, нэг нь МАХН-ын гишүүн юм байна. 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхан олонх болсон учир өмнө нь Засаг даргаар ажиллаж байсан П.Ганхуягийг үргэлжлүүлэн сонгосон. Гэвч олуулаа болчихоод Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан нь хачирхалтай байгаа юм. Аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч нь хэсэг нөхрийн хамт Ардын намынхантай нийлж Засаг даргаа огцруулах шийдвэр гаргаад намын дарга Н.Алтанхуяг руугаа явуулсан аж.
6
Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас Засаг дарга П.Ганхуягийг огцруулах үндэслэлдээ таван зүйлийг онцолсон байв. Засаг дарга П.Ганхуягийн үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээс зайлсхийсэн. Мөн зарим сумын Засаг даргын буруутай үйлдлийг хаацайлж, өөгшүүлдэг, тендер болон газар өмчлүүлж ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлийг хийсэн гэж үзээд огцруулжээ.
6
Энд албан ёсоор дурдаагүй бас нэгэн зүйлийг онцлоход, аймгийн Ардчилсан намын хэдэн нөхөр төрийн албанд хэд хэдэн томилгоо хийлгүүлэхээр Засаг дарга П.Ганхуягт албан даалгавар өгчээ. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын дарга болон Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд нэр бүхий хүмүүсийг томилуулахыг үүрэг болгож өнгөрсөн аравдугаар сард гаргасан албан бичиг нь ч хэвлэлээр ил болжээ. Намынхныхаа энэ үүргийг биелүүлээгүй учир Засаг дарга П.Ганхуяг огцрохдоо тулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, нам нь тулган шаардаж, дарга нь биелүүлээгүй юм байна.
6
Ардчилсан намынхан өөрсдөө улс төрийн ийм бохир тоглолт хийцгээж Засаг даргыгаа огцруулахаар болж, намын даргадаа хүртэл бичиг сажиг өргөсөн ч амжилтад хүрсэнгүй. Ардчилал, эрх чөлөө ярьдаг ардчиллынхан ч өөрсдөө нэг, нэгэндээ албан тушаал шахаж, дарамталж, эцэстээ өөрсдөө олонх болж сонгосон даргаа огцруулдаг юм байна. МАН-ынхныг хэлэлтгүй АН дотроо хэсэг бүлэг болон хуваагддаг, хэл амаа ололцдоггүй, тэр ч бүү хэл өөр намынхантай сүлбэлдэж албан тушаалд хэнээрхдэг өвчтэй болсон нь Дорноговийн энэ жишээнээс илт байна.
6
Э.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ