Авлигалын хэрэгт холбогсон сайдад 8 жилийн ял оноолоо

img

Тайваний Дээд шүүхээс өнгөрсөн пүрэв гарагт авлигын гэмт хэргийн улмаас  Тээвэр, холбооны сайд асан Куо Яо-чиийг 8 жилийн хугацаанд шоронд хорих, иргэний эрхийг нь 4 жилийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.

Куо Яо-чи нь 2006 онд тээврийн сайдын үүргийг гүйцэтгэж байхдаа хээл хахууль авч, албан тушаалаа урвуулан ашиглаж “Nan Ren Hu”-группд дэмжлэг үзүүлсэн хэрэгт холбогдоод байсан юм.

Шүүхийн тогтоолд “Nan Ren Hu” группийн дарга Ли Чинг-поос хээл хахууль авсныхаа дараагаар төмөр замын буудлын төслийн тендерийг дахин зарлах тухай саналаа Тайваний Төмөр замын удирдах газарт хүргүүлж байсан” гэж дурджээ.

Тайпей Дүүргийн Прокурорын газраас Куо Яо-чийг 2007 онд авлигын хэрэгт сэжигтнээр татсан бөгөөд түүнийг төмөр замын буудлын төслийн гэрээнд “Nan Ren Hu” группийг ялуулахын тулд 20000 ам.долларыг хээл хахуульд авсан гэж үзэж байсан юм.

2009, 2010 онд болсон өмнөх шатны шүүх хурлуудаар түүнийг “Nan Ren Hu” группээс хээл хахууль авсан, уг тендерийн үнэлгээнд нөлөөлөхөөр оролдсон зэрэг нь тодорхойгүй байна хэмээн үзэн уг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байжээ.

Гэвч, энэ оны эхээр Прокурорын газраас энэ хэрэгтэй холбоотойгоор Дээд шүүхэд хандан хүсэлт гаргаад байсан юм.

Куо Яо-чийн энэхүү хэрэгт Засгийн газрын өөр нэгэн албан хаагч холбогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг авлигын хэрэгт холбоотой хэмээн Дотоод яамны дэд сайд асан Йен Ван-чинд 12 жил 6 сарын хугацаанд шоронд хорих шийдвэрийг 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхээс гаргаад байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ