Буузны цехийн үйл ажиллагааг зогсоожээ
МХЕГ-аас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтанд нийслэлийн хэмжээнд 38, орон нутгийн 18 аж ахуй нэгж хамрагджээ. Шалгалтын явцад мах, махан бүтээгдэхүүний 25 үйлдвэрийн үйлдвэрлэж буй 21 нэр төрлийн махан бүтээгдэхүүнээс 364 дээж авч 4 лабораторит 858 сорьц шинжлүүлэхэд эерэг сорьц нэг илэрчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн дэх нянгын тоо стандартад зааснаас их гарсан байна.
Нийслэлийн “Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Хөх сайр” ХХК, “Сүбо” ХХК, Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК-ний хиамны цех, Дархан-уул аймгийн “Дархан болор ган” ХХК-ний “Амттан” буузны цех, “Дэ Со Ар” ХХК-ний “Азын бууз” буузны цех, “Очир голомт” ХХК-ний “Дээж” буузны цех, “Хотол монгол” хиамны цех зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн барилга байгууламжийн 50 хувь нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, гэрэлтүүлэг хангалтгүй, таазны будаг шохой ховхорч унасан.
41,7 хувь нь бүтээгдэхүүнийг сэврээж сойх зориулалтын өрөөгүй, бохирын трап, шугам хоолойн хэсэг цооногийг хуваарийн дагуу цэвэрлэж халдваргүйжүүлдэггүй, ажлын байрны хана, шал, таазны өнгөлгөө ховхорч, хуурч унасан, цонхонд тоос шороо, шавж, гадны биет нэвтрэхээс хамгаалсан торон хаалт хийгээгүй байжээ. Үйлдвэрлэгчдийн 55,8% нь дотоод хяналтын журам боловсруулаагүй хяналт шалгалтын төлөвлөгөө гаргаагүй, нэгж, ажилтан томилоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.
“Тэр их нуур” ХХК, “Шимт-Өргөл” ХХК, “Дүрт баялаг” ХХК, “Ийникү” ХХК, “Сүбо” ХХК, “Озеро байкал” ХХК, “Номин холдинг” ХХК зэрэг 13 аж ахуйн нэгж, албан тушаалтанд нийт 4824,4 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан 100 хувь барагдуулжээ.
Их, дунд эрсдэлтэй дүгнэгдсэн СБД-ийн “Озеро байкал” ХХК-ний загасны мах ангилан савлах, “Эхийн лха” ХХК- ний бууз баншны үйлдвэр, Архангай аймгийн “Отор”, “Өег”, “Цахиур” буузны цехүүд болон Сүхбаатар аймгийн “Сүж хамтын хүч” нөхөрлөлийн махан бүтээгдэхүүний цехт улсын байцаагчийн акт тогтоож, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ