Энэтхэгчүүд АНУ-ын эсрэг жагсав
АНУ-ын Нью-Йорк хотын цагдаа нар Энэтхэгийн дипломат албаны ажилтан Деваяни Хобрагад гэх эмэгтэйн хувцсыг нь тайлуулж, биед нь нэгжлэг хийснээс үүдэн хоёр орны харилцаанд таагүй байдал үүссэн гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Нью-Йорк хотноо суух Энэтхэгийн дипломат Деваяни Хобрагад өнгөрсөн долоо хоногт визний бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаад баривчлагдах үеэр энэ хэрэг болжээ. АНУ-ын цагдаа нар ямар нэгэн зэвсэг, нотлох баримт биедээ нуусан байх гэсэн үндэслэлээр эмэгтэйн хувцасыг тайлуулсан гэжээ.
Шинэ Дели хотноо суух АНУ-ын Элчин сайдын яамны гадна 1000 гаруй энэтхэгчүүд жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр 30 орчим иргэн нүүрэндээ Обамагийн зурагтай баг зүүж, цээжээ нүцгэлсэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Деваяни Хобрагад 250 мянган ам.долларын барьцаа төлснөөр суллагджээ. Тус хэргээс үүдэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри харамсч буйгаа илэрхийлж, уучлалт гуйжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ