Хөдөөгийн багачууд “хүүхдийн автобус” хүлээж байна
Боловсролын өөрчлөлт шинэчлэлд 2008-2009 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын тогтолцоог 12 жилд шилжүүлснээс эхэлж зургаан настнууд сургуулийн сурагч болсон билээ. Энэ нь чамгүй сорилт судалгааны үр дүнд бодит ажилд болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, манай ерөнхий боловсролын түвшин дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг. Зургаан настай сурагч амжилттай сайн сурч байгаа нь үнэхээр сайшаалтай.
.
Гэвч тэдэнд бэрхшээл олон байгаа талаар багш, эцэг эхчүүд ярьдаг. Ээжийнхээ хөхнөөс гараагүй шахам бяцхан үрс хичээлд суухдаа заавал аав ээжийнхээ нэгэнтэй суух, эсвэл хөдөө мал малладаг аав ээжийнхээ аль нэгийг сумын төв рүү хэрэг болгон чирч, ээж аавынхаа нөмөр нөөлгөнд суралцаж байгаа жишээ хөдөө орон нутагт элбэг. Цэцэрлэгээс шууд сурагч болсон тэд хичээл дээрээ хүүхэлдэй, машин зэрэг өөрсдийнхөө тоглоомыг аваад ирнэ.
.
Зарим эрх хүүхдүүд ээж, аавийгаа хичээлд суулгах гэж уйлна. Хотын зургаан настан, хөдөөгийн зурган настан гэдэг өдөр шөнө шиг зөрүүтэй. Шинэчлэлийн Засгийн газар хотын замын түгжрэл, гэр хорооллууд, сургуулиудын байршил, анги танхимын хүрэлцээ зэрэг асуудлаар сурагчдад зориулсан тусгай үйлчилгээний автобус бий болгосонд эцэг эхчүүдийн магнай тэнийсэн.
.
Цаашид хотын гэр хорооллын бага ангийн сурагчдын сургуульд ирж очих таатай нөхцөл бүрдүүлэх, ая тухтай, айдас хүйдэсгүй орчинд сурч хүмүүжүүлэх нөхцөл бүрдүүлэхээр 80 бага сургууль барихаар шийдвэрлэгдэж эхнийх нь баригдаж байгаа гэсэн чихэнд чимэгтэй мэдээ бий. Хотын хүүхдүүд сургуульдаа ирж буцах нь хялбархан шийдэгдэж байна.
.
Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэх, авах гэсэн ажлаас салж хөдөлмөрлөх боломж нь илүү нээлттэй болж байгаа юм. Гэтэл хөдөөгийн багачуудын хувьд яг эсрэгээрээ. Хөдөөгийн бага ангийн бяцхан иргэд маань 2-3 километрийн зайнаас сургуульдаа ирж байна. Манай орны 336 сумын баг, айл өрх сургуулиудын байршил тухайн газар нутгийн байрлалаас хамааралтай өөр өөр.
_
Сумдын сургууль малчин өрхийнхөө бүх хүүхдийг дотуур байрандаа хамруулах боломжоор хомс. Ганцхан жишээ хэлэхд Ховд аймгийн Булган сум 10000 гаруй хүн амтай, монгол орны баруун хязгаарын том суурин. Ерөнхий боловсролын 12 жилийн хоёр сургуультай. 2460 орчим сурагчтай. Сургууль тус бүр 120-200 хүүхдийн дотуур байртай ч хүссэн хүүхэд бүр байранд хамрагдах боломж алга. Судалгаанаас үзэхэд сургуулийн сурагчийн ихэнх нь 3-6 километрээс хичээлдээ явганаар ирж буцдаг байна.
_
Хавар, намрын улиралд явган нүцгэн унаатай, унаагүй яваад байж болох л юм. Идэр есийн хүйтэнд зургаахан настай бяцхан иргэд маань цасан шуургатай өдөр яаж ирж очих билээ. Эндээс харахад бага ангийн сурагчдыг сургуульдаа ирэх буцах унааны ямар нэгэн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Монгол хүүхдүүд оюуны асар өндөр чадамжтай гэж тайлбарладаг ч хол замд алхаж эрдэм номын мөр хөөж, их зүйл уншаад ирэхээр ядаргаанд орох, тархи нь ядрах, ээрч гацах тохиолдол ихэсч байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Мэдээж дэлхийн боловсролтой хөл зэрэгцэх зэрэг хүндэтгэх шалтгаан олон байгаа. Энэ бодлого эхэлснээсээ хойш үр дүнгээ өгч байгаатай маргах хүн ховор биз.
_
Гэсэн ч хөдөөгийн хэсэгхэн хүний бэрхшээл энэ том бодлогод нөлөөлж чадахгүй гэж үлдээвэл хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчих болоод байна. Зөвхөн бага ангийнхан гэлтгүй хөдөө орон нутагт хичээл сургуульдаа явах гэж өвлийн хүйтэнд даарч хөрөн алхаж байгаа хүүхдүүд маш олон бий. Тиймээс идэр есийг дуустал хөдөөгийн багачуудад зориулсан “Хүүхдийн автобус” үйлчилгээг нэвтрүүлж, багахан зохицуулалтыг сум орон нутагт нь хийхийг холбогдох албаныханаас хүсэх байна.
_
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ