
“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч -2” зөвлөгөөн ЭМЯ-наа зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд оролцогчид өнгөрч буй 2013 онд эрүүл мэндийн салбарт гарсан үйл явдлууд, мөн хийж бүтээсэн ажлын талаар ярилцан, эрүүл мэндийн асуудлаар иргэдэд үзүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг, оролцооны талаар хэлэлцэв.
\
2013 оныг эрүүл мэндийн салбарын хариуцлага хяналтыг сайжруулах жил болгон зарлаж, үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргасан билээ. Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэл, эрчимтэй шинэчлэл, иж бүрэн шинэчлэл хийхээр тодорхойлсон. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, 2013 он бол суурь шинэчлэл хийсэн он байлаа. Энэ хүрээнд эмнэлгийн байгууллагын хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, хүнд суртлыг багасгах, албан бус төлбөр, ёс суртахуун, эмнэлгийн алдаа доголдлыг мэдээлдэг болох, төвлөрлийг сааруулах зэрэг стратеги төлөвлөгөөг эхлүүлэх зорилго тавин ажиллаа гэв. Түүнчлэн орон даяар технологийн шинэчлэлд онцгой анхаарч ажилласан гэдгийг хэлж байв.
ds
Мөн тэрээр ирэх онд эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудаас танилцуулахдаа, "2014 оныг эх, нялхсын эрүүл мэндийг дэмжих жил” болгож буйг онцолсон юм. Мөн ирэх онд өргөн барихаар болсон дөрвөн хуулийн талаар танилцуулав. Үүнд, “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгаж буйгаараа ач холбогдолтой юм. Мөн “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хууль”, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, “Эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийг өргөн барих юм. ЭМЯ 2014 онд 10 бүтээлч ажил хийхээр төлөвлөж буй. Үүнд, орон даяар долоо хоног бүр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан удирдлагын шуурхай хуралдаан хийж хэвших, хорт хавдрын эрт илрүүлэх аян, бүх хүн амаа цусны даралтын тухай ойлголт, мэдээлэл, мэдлэгтэй болгох, осол, гэмтлийг бууруулах, пренатологи буюу эхийн жирэмсэн үе дэх ургийн гажиг хөгжлийг оношилдог, эрт илрүүлдэг болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж буйг танилцууллаа.
d
Энэхүү зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулга дархлаажуулалтын ач холбогдлыг танилцуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдийг энэ талаарх зөв, зүйтэй мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй гэдгийг хэлж байв.
d
“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч -2” зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд, ЭМЯ, ХӨСҮТ-өөс холбогдох албаны хүмүүс, мөн эрүүл мэндийг дэмжигч, эрүүл мэндийн сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчид оролцсон юм.
f
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ