Баярын маргааш байх уу, үгүй юу...

img

Өчигдөрхөн инээж явсан найз минь  өнөөдөр дэргэд минь алга. Анд минь чи хаачив гэтэл ажлынхантайгаа Шинэ жилийн баяр тэмдэглээд халамцуухан тараад харих гэж яваад замдаа осгочихсон гэсэн эмгэнэлт мэдээ ирсэн юм.

бый

Шинэ жил гэдэг бол хүн бүхний хүсэн хүлээдэг, баярлан цэнгэдэг ариухан гэгээн баяр. Жил жилийн шинэ оныг хүн бүхэн өөр өөрийн гэсэн өнгө аясаар угтаж баярлан хөөр ч догдолдог. Гэвч энэ сайхан баярын маргааш нь харамсалтай, харамсаар гашуун нулимс асгаруулсан аймшигт мэдээ дуулдах юм. Энэ сарын 13-15-ны хооронд гуравхан хоногт нийслэл хотын хэмжээнд 27 хүн осгож амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Улсын хэмжээнд хоногт 5-8 хүн осгож амиа алдаж байгаа нь хэний ч сэтгэлийг түгшээх биз. Ганцхан жишээ дурдахад, саяхан байгууллагынхаа тэргүүний ажилтан болсон 34 настай Б шинэ жилийн үдэшлэгээ тараад, “Байгууллагын шилдэг ажилтан” батламжаа тэврээд харих замдаа осгож нас баржээ.

бы

Манайхан баяр ёслол гэхээр заавал архи дарс уудаг. Уг нь архи дарсыг баяр ёслолын үеэр сэтгэл сэргээж, хөгжиж цэнгэхэд багахан дэм тус болох хэмжээнд хэрэглээд сурчихвал зүгээрсэн. Гэтэл ихэнхдээ баяр тэмдэглэж байна гээд өөрийнхөө хэмжээг мэдэхгүй хэтрүүлэн хэрэглэснээс биеэ авч явах чадваргүй болчихдог нь нууц биш.  Баяраа тэмдэглээд архи ууж байгаа хүмүүст захихад өөрийгөө аваад явах, орчин тойрноо мэдрэх чадвартай байхгүй бол таныг эмгэнэлт хувь тавилан угтахгүй гэх баталгаа алга.

бй

Сархад хэмээх гашуун идээ савнаасаа бусдыг дийлдэг болохоор энэ гашуун идээг хүртэх гэж дурлаад байх хэрэггүй . Уг нь хэн нэг нь та бидний ам руу хүчээр архи цутгахгүй нь ойлгомжтой. Согтууруулах ундаагаа хэтрүүлснээс болж ухаан мэдрэлээ алдаж гудамжинд унаад осгох, амьд гарсан ч хөл гараа тайруулах хэмжээнд хүрч байгаа тохиолдол жил бүрийн энэ улиралд гарч байна.

б

Шинэ жилийн баяр гэдэг бүтэн жилийн турш хийж бүтээснээ хэлэлцэж,тухайн онд хамгийн үр бүтээлтэй ажилласан нэгнээ шилдэгээр өргөмжлөх гээд энэ баяраар тэмдэглэлт агшин мундахгүй их. Наргиан цэнгээн л учраас архи, дарс байх нь тодорхой. “Ерөнхийлөгч нь архи биш сүү өргөе” хэмээн уриалаад ч нэмэргүй баярын өдрүүдэд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол архи дарс байдаг. Тиймээс шинэ жилийн баярын өдрөө архины хэрэглээгээ тохируулж наргиж цэнгэхгүй бол маргааш нь нөгөө нь ертөнцийн хаалга нээгдчихсэн байх нь энгийн үзэгдэл болох нь.

ый

Сайн сайхан өдөр муу ёр зөгнөлөө гэж хэн нэгэн нь хэлэх л байх.  Гэвч манайхны баяр, цэнгэл эцсийн хязгаар хүртэл үргэлжилдэг нь нууц биш. Баяр ёслол л юм хойно архи, дарс уух нь мэдээж хэрэг гэж хүлээн зөвшөөрөвч эцсийн үр дүн нь хүний амь настай холбогдоод ирэхээр баяр биш гашуудал болон хувирч байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй нь.

б

Саяхан  ажлаа тараад харьж  явтал баярын сархдаа хэтрүүлсэн хэдэн оюутан охид явна. Тэдний нэг нь нэлээн согтсон бололтой хөл дээрээ тогтож үл чадна. Хамт явж байгаа хоёр нь ч гэсэн ихэд халамцуу явааг нь хараад сэтгэл өвдөж билээ. Цэцэг шиг сайхан дэлгэрч явдаг энэ насан дээрээ иймэрхүү байдалтай явахыг нь хараад эмзэглэх сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Саяхан эгчийн маань ажлын газрын шинэ жил болов. Цаг наргүй л ажилтай байдаг болохоор ганц олдсон шинэ жилээ “бут” авъя л гэж бодсон бололтой нэлээд халамцсан гэсэн. Гэтэл нэг эмэгтэй нь гэрээдээ явж байгаад  гудамжинд унаад осгож нас барсан харамсалтай хэрэг гарч, ой гарантай нялх үрээ орхин хорвоогоос хальсан юм.

ы

Мөн нэгэн танилын маань нөхөр нь төрсөн өдөр тэмдэглээд нэлээд халамцуухан машинаа барьж яваад осолд орж өрөөсөн хөлөө тайруулсан гээд халагламаар, халширмаар мэдээ, мэдээлэл ар араасаа цуварсаар л байна. Хүний хөл, гар хөлдсөн тохиолдолд анхны тусламж хамгаас чухал. Ийм үед хөлдсөн гар хөлийг халуун бүлээн усанд дүрдэг. Түүнээс биш хүйтэн цасаар үрэх нь байдлыг улам дордуулдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Цас өөрөө талстлаг учраас хөлдөөд хэврэг болчихсон арьсыг үрэхээр шудраад улам шалбархай үүсгэдэг тул элдвийн халдвар авах магадлал өндөрсдөг гэнэ.

б

Нийслэлийн цагдаагийн газар шинэ жилийг архигүй тэмдэглэх уриалга гаргасан нь зөв зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалж, шинэ он гарах мөчид сүү өргөж байсан нь хүмүүст эерэг үр нөлөө үзүүлнэ гэж найдаж байлаа. Гэвч түүнийг уриалга хэрэгжихгүй байгаа тул Монгол Улсын иргэн, эрхэм уншигч та гудамжинд ухаангүй хэвтэж байгаа хүнтэй таарвал хамгийн ойрхон цагдаад мэдэгдэх, аль эсвэл 102-т дуудлага өгөх, түргэн дуудаж үл таних нэгнийхээ халуун амийг аврах буянт үйлс бүтээхдээ бүү татгалзаарай.

ыб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
эрт дээр үеэс монголчууд архийг биш цагаан идээг идээ ундааны дээд хэмээн эрхэмлэж ирсэн уламжлалтай билээ тийм учраас архины эсрэг эрүүл оюун ухаантай хэн боловч нэгдэж, төрөөс бодлогын чанартай ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.
2013-12-25
цоглог:
архихгүй баярлацгаая
2013-12-23
жаужа:
архи уугаад бай , уугаад согтохоор чинь эрүүлжүүлээд өгчихнө гээд эрүүлжүүлэх газар гэдэг тэнэг юм засгаас зориуд ажиллуулаад байгаа биз дээ, бүдүүлгээрээ орос-д л байдаг , дэлхийн өөр ямар ч улсад байдаггүй юм гэж сонссон , харин манайх яахав сармагчин муу юм дууриахдаа сайн болохоор оросоос хуулбарлаад авчихсан , татвар төлөгчдийн мөнгийг архичдад ингэж зарцуулдагаа одооноос болих хэрэгтэй.
2013-12-21
иргэн:
хүмүүсээ алив баяр ёслолыг архигүй тэмдэглэж сурмаар байна заавал тэр муухай хорыг хэтрүүлэн хэрэглэж амь нас эрүүл мэндээ хохироож өөрийн болон өрөөлийн эдийн засгийг хохироох хэрэггүй гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй
2013-12-21