Рио Тинто, Шинхуатай нийлэн “Эрдэнэс Тавантолгой” –той хамтран ажиллах гэрээг үзэглэхийг хүсэж байна

img

Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн консорциумд Тавантолгой ордын Цанхийн талбайн баруун хэсэг, Бор тээгийн нүүрсний талбайн зарим хэсгийг багтаасан талбайд хөрөнгө оруулах боломжийг олгоно гэж байгаа. Боломжийг гартаа атгасан хөрөнгө оруулагчид орд ашиглах, нүүрс олборлох, бүтээгдэхүүн борлуулах, тээвэрлэхтэй холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах нь тодорхой болоод байна.

Харин урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 24-ний өдрийг хүртэл хүлээж авахаар хугацаа сунгасан тухайгаа “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдэгдлээ. Сонгон шалгаруулалтад оролцогчдоос хүсэн хүлээж буй материалд тавигдсан шаардлага нь Тавантолгойд үндэсний компаниудын оролцоо, орон зай давчуу гэдгийн баталгаа бөгөөд дотоодын компаниудын тухайд тендерт ялагч гадаадын компаниудад тоогдохоос өөр аргагүй харагдаж буй юм.

Хэдийгээр олборлолт хийгээд бас хөрөнгө мөнгөний асуудал шийдээд явчих хүсэл манай хэдэд байвч, Монголын нүүрсний салбар олон арван жилийн настай ч, Тавантолгой шиг том ордын нүүрсний олборлолт, борлуулалт, уурхай болон бүтээгдэхүүний тээвэрлэлттэй холбоотой дэд бүтцийн том төслүүдийг шийдээд, хөрөнгө оруулаад явж байсан туршлагагүй гэж Засгийн газар үзэж буй. Байгаль орчин, нөхөн сэргээлтийн тал дээр ч суралцаж яваа гэж голж байгаа.

Мөн нэг тэрбум орчим нүүрсний нөөцтэй Цанхийн баруун талыг ашиглахдаа уурхайн асуудлыг, тоног төхөөрөмж, уурхайтай холбоотой дэд бүтэц буюу нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, усны хангамжийн системд яаж оролцох, ажилтнуудыг хэрхэн сургах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, төслийг хэрэгжүүлбэл баталгаатай, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ, төслийн тооцоог урьдчилсан байдлаар хэрхэн үнэлж байна, борлуулалтаа яаж хийх вэ гэдгээ сайн судалгааны үндсэн дээр хийж ирүүлэх ёстой гэсэн шалгууруудад тэнцэх хэмжээнд дэлгэрэнгүй материал бичиж “Эрдэнэс МГЛ” –д хүргүүлэх чадамжтай компани байхгүй гэж байна.

Гэхдээ дээр дурьдсан шалгууруудаас гадна Монголын Засгийн газарт хэд хэдэн төрлийн гэж тодотгогдож буй урьдчилгаа төлбөрүүдийг өгөх бэнчин дотоодын уул уурхайн компаниудад байхгүй гэдэг нь шалгуурт тэнцэхгүй байх гол үндэслэл болон харагдаж байгаа. Харин "Эрдэнэс МГЛ" үүнийг үгүйсгэж байна.

Тавантолгой тийш эртнээс хараагаа бэлчээсэн компани, консорциумуудын тухайд бидний хэрэгцээний хэдийг аргалчих хэмжээний чадамжтай субьектүүд гэдэг нь ойлгомжтой асуудал юм. Гэсэн ч үндэсний тодотголтой компаниуд хүч нийлвэл болно гэсэн байр суурийг баримтлагчид бий юм. Харин оролцогчдын шалгуурт “Монголын үндэсний компаниудтай хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа ирүүлэх” гэж тусгаснаас үзэхэд бүтэхгүй зүйлийн төлөө хямралдах шалтгаан дотоодын хэдэд маань үлдэхгүй болж байгаа юм.

Гол нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалууд Үнэлгээний хороогоор орж хэлэлцэгдэн “хураангуй жагсаалт” гэж тодотгох хэмжээний компаниудыг шигшинэ. Шигшигдсэн оролцогчидтой Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг хэлэлцээр хийнэ гэж байгаа. Тавантолгой төслийг хариуцсан Засгийн газрын Ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ахалж, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэсэн дөрвөн сайд бүрэлдэхүүнд нь багтаж байгаа юм.

Ер нь бол засгаас өгсөн чиглэлийн дагуу Тавантолгой төслийг албан ёсоор эхлүүлэхээр ТӨХ, “Эрдэнэс МГЛ” ххк хоёр ажиллаж байна.

Ийнхүү ажиллахдаа эрх зүйн талаас нь үйл ажиллагааныхаа гол удирдамж болгож буй хууль тогтоомжуудын тэргүүн эгнээнд Хүний хөгжил сангийн тухай хуулийг ТӨХ-ны дарга Д.Сугар онцолж байсан.

Харин “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш “ “Эрдэнэс МГЛ” компанийг энэ оны эхний улиралд багтааж Хүний хөгжлийн сангийн компани байдлаар зохион байгуулах шинжтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр Тавантолгойг эргэлтэд оруулах, шамдуулах үндсэн хөшүүрэг нь сонгууль угтсан жилд амлалтаа биелүүлэх чин хүсэлд оршиж байгаа нь ил асуудал болж байна.

Одоогийн тогтоосноор 6.4 тэрбум тонны нөөцтэй, 1.4 тэрбум тонн нь коксжих нүүрс гэгдэж буй Тавантолгой ордыг дэлхийд цөөхөн үлдсэн том ордуудын нэг гэдгийг гадаад дотоодгүй хэлж байгаа. Гэхдээ Тавантолгойн ордын сул тал нь дэд бүтэц, зам харилцаанаас алслагдсан. Тэр утгаараа их хөрөнгө оруулалтыг шаардаж буй төсөл юм.

Ирээдүйд Тавантолгойн ордыг түшиглэсэн гурван том уурхай босно, мөн нүүрсээ шууд угаагаад байх үйлдвэр байгуулна гэж байгаа юм. Ингэж ярих нэг хэрэг. Усны нөөц нь тодорхой бус, усан хангамжийн системийг хэрхэн ямар байдлаар шийдэх вэ гэдэг асуудал байна. Угаасан, угаагүй нүүрсний үнэ нэлээд зөрүүтэй гэдгийг монголчууд гадарлахтайгаа болоод байгаа. Нүүрсээ угааж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод ОХУ-аар дамжуулан далайн боомтуудад хүрэх засгийн бодлого бий. Өмнөд хөршийн тухайд монголын нүүрсний гол зах зээл. Тэдний гангийн үйлдвэрүүдийг, эрчим хүчний нүүрсний хэрэгцээг Тавантолгой хангах нь ойлгомжтой болж байгаа. Мөн цаашлаад Япон, Солонгос зэрэг бүс нутгийн улсуудад хүргэх нь том зорилго гэж байна.

Харин үйл ажиллагаа бодитой ажил болоод, гурван уурхай тус бүрээс жилд 15 сая тонн нүүрс олборлоод ирэхийн цагт усгүй говьд харангадах аюул нүүрлэх вий.

Ямартай ч, Тавантолгойн ордын Цанхийн баруун, зүүн хэсэг дэх хоёр уурхайг авч явах стратегийн хөрөнгө оруулагчид болоод оператор компаниудыг сонгон шалгаруулахаар ТӨХ, “Эрдэнэс МГЛ” ажиллаж байна. Бид өнгөрсөн оны сүүлийн өдөр 2011 онд үйл ажиллагаа нь эхлэн жигдрэх Тавантолгой төсөлд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн гадаадын консорциумуудын талаарх мэдээллийг хүргэж байсан.

2009 онд зарлагдаж байсан сонгон шалгаруулалтад Их Британийн BHP Billiton, Бразилийн Vale, Энэтхэгийн Жиндал Стиил энд Поувер, Австралийн Экстрата гэхчлэн арав гаруй компани орж байсан бол 2010 оны арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэг Японы “Marubeni”, “Sojitz”, “Itochu”, “Sumitomo”, Солонгосын “Kores” консорциумтай санаа нийлэн орж ирж буй бол Хятадын “Шинхуа” групп, АНУ-ын “Пибоди Энержи”, Японы “Mitsui&Co” гурав хүч нийлсэн талаар мэдээлж байсан.

Харин одоо 2011 он гарч, шалгаруулалтын хугацаа ч сунгагдсан. Улмаар Японы гангийн үйлдвэрлэлийн томоохон компани “Ниффон Стиил” хүсэлтээ ирүүлээд байгаа бол Бразилийн Vale ч дахин хүсэлтээ ирүүлсэн байна.

Мөн бидний сайн танил Рио Тинто Тавантолгойд орж ирэх хүслээ зугуухнаар илэрхийлээд байгаа юм. Гэхдээ Рио Тинто “Шинхуа” групптэй консорциум болж орж ирэх тухай яригдаж байна.

Тэгэхээр Оюутолгойн удирдлагын эрх мэдлийг өөртөө шилжүүлж, “Айвенхоу Майнз”-ын 49 хүртэлх хувийг эзэмших боломжтой болж, өөрийн менежментийн бодлогын дагуу төслийг үргэлжлүүлэх боломжийг атгаад буй Рио Тинтог Хятадын “Чайналко”-той хамтран Оюутолгойд зүтгэнэ гэх мэдээлэл гарч байсан. Харин Том Албанезе удирдлагын эрх мэдлийг ийн авахаасаа өмнө Хятадад газардан ““Оюутолгой” төсөл дээр Хятадын “Чайналко”-той хамтрахгүй” хэмээн тод мэдэгдсэний учир одоо тайлагдаж байгаа бололтой.

Рио Тинто Чайналко-той хамтрахгүй ч, “Шинхуа”-тай нийлэх магадлал өндөр байна. Тэд урьдчилсан сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, Монголын Засгийн газартай хэлэлцээр хийж, Цанхийн баруун хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах гэрээг үзэглэхийг хүсэж буйгаа илэрхийлж эхэлжээ.

Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tigwel ali hediin uil ajilgaagaa yawulaad ehelchihsen yum bn shu de .
2012-01-09