Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтөө өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монгол банкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан талаар хууль санаачлагч хэллээ.
Хуулийн төсөл батлагдсанаар аж ахуй нэгж, иргэд хууль бусаар алт олборлох, алтыг зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулах замаар татвараас зайлсхийх, тодорхой бус хугацаагаар арилжааны банкинд барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа хумигдаж, алтны олборлолт, борлуулалт ил тод, хуулийн хүрээнд явагдах боломж бүрдэж, алтны нөөцийн хэмжээ нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн баталгаа сайжирна гэж үзэж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ