Хүүхдийн хөдөлмөрийг устгах хөтөлбөр хэрэгжсэнгүй

img

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг 2011 онд баталж, хэрэгжүүлэхийг тухайн үеийн Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгаж байжээ. Харин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Т.Ганди сайдын тушаал үүнээс нэг жилийн дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан байна. Уг хөтөлбөрөөр бол 2012-2013 он гэхэд  үр дүн гарах байжээ.

Тэгвэл хөтөлбөр ямар үр дүнтэй хэрэгжсэнийг хүн бүр мэдэж байгаа. Гудамжинд бохь, чихэр ширхэглэн зарах гуйлга гуйх, уурхайд ажиллах хүүхдүүд байсаар байна. Үндэсний статистикийн хорооны 2011-2012 онд гаргасан “Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан”-аас харахад 15-17 насны хүүхдийн 16 хувь нь буюу 93968 хүүхэд ямар нэгэн хөдөлмөр эрхэлж байгааг тогтоожээ. Энэ нь 2007-2008 онтой харьцуулахад 22 мянгаар өссөн үзүүлэлт юм байна. Тэгвэл үүнээс 770 гаруй хүүхэд тэвчишгүй хэлбэрээр хөдөлмөр эрхлэж буй юм. Тодруулж хэлбэл, хүүхдийн хөдөлмөрийн  тэвчишгүй хэлбэр гэдэг нь хүүхдийг бие бялдар, сэтгэл зүй, бэлгийн дарамтад оруулах, хязгаарлагдмал орон зайнд ажиллуулах болон тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан ажиллах, бэлгийн мөлжлөгт өртөх, хүний наймааны хохирогч болох, албадан хөдөлмөр эрхлүүлэх  зэрэг багтдаг. Гэтэл нийслэл төдийгүй хөдөө орон нутагт хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарт төдийгүй зах худалдааны төв, оёдлын үйлдвэр, зочид буудал, шөнийн цэнгээний газарт насанд хүрээгүй хүүхдүүд тэвчишгүй ангилалд багтах хөдөлмөрийг эрхэлсээр байна. Бид өөрсдийн үр хүүхдэдээ шилжилтийн насанд нь загнах бүү хэл эвгүй харахаас ч эмээдэг. Тэгвэл өнөөдөр маш Монголын ирээдүй хүн болж төлөвших чухал үедээ амьдралын бололцоогүйгээс хөдөлмөр эрхэлсээр байна.

Уг нь Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах талаар Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенци, ажилд авах насны доод хэмжээний тухай 138 дугаар конвенци болон хүүхдийн эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенциор олон үүргийг хүлээсэн.  Нэгэнт л гэрээ конвенцид нэгдэж, биелүүлэх үүргийг хүлээсэн тул биелүүлэхээс өөр аргагүй. Тиймээс Хөдөлмөрийн яамнаас 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан “Хүүхдийн хөтөлбөрийн тэвчишгүй хэлбэрийг усгах үндэсний хөтөлбөр”-ийн хийж биелүүлэх ажлыг дахин боловсруулж, энэ хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний хороог дахин шинэчилж буй аж. Тус хөтөлбөрийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр хийх ажлаа төлөвлөжээ. Энэ удаад үнэхээр л биелэлээ олж, цөөн хүн амтай манай улс хүүхдийн хөдөлмөрийг устгаж эс чаддаг юм аа гэхэд ядаж тэвчишгүй хөдөлмөрийг устгаж үгүй болгоосой.

 А.Жаргал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хөтөлбөр нь муудаа хэрэгжээгүй биш шүү дээ. санжмятав, эрдэнэ гэдэг хоёр сайд ажлаа хуваахдаа бие бие рүүгээ түлхээд эзэнгүйдүүлж орхисон юм. одоо л ухаарч гэнэ дээ.
2013-12-22