Д.Эрдэнэбилэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө

img

Оюуны спортын шилдэг тамирчид өрсөлддөг “Sport Accord World Mind Games” тэмцээн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо долоо хоног үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд шатар, даам, го, сян-чи (хятад шатар), брижийн төрлөөр зохиогддог. Ангилал бүрт дэлхийн шилдэг 12-16 тамирчин 23 багц медалийн төлөө өрсөлдсөн.

Манай улсаас тус наадамд даамын их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг Ази тивийг төлөөлөн оролцлоо. Тэрбээр рапид болон блиц тоглолтод тус бүр 15, супер блиц төрөлд 13-р байр эзэлсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын баг тамирчид илүүрхэж, нийтдээ есөн алтан медаль хүртсэний гурвыг шатрын төрөлд авч, бриж, сян-чи, го-гоор тус бүр хоёр алт авчээ. Оросууд зургаан аваргатай удаалсан бол хоёр алт, нэг мөнгөн медальтай Монако багийн нэгдсэн дүнгээр гуравт орсон байна.

Нийт 18 улс медаль хүртсэний дотор Зааны ясан эргийн их мастер Жоел Аце даамын блицийн төрөлд аваргалж, Камеруны их мастер, Африк тивийн олон удаагийн аварга Жан Марк Нжофанг супер блицээр хүрэл медаль хүртжээ.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ