АНУ иргэдээ нүүлгэн шилжүүлэв
Өмнөд Суданы Бор хотоос АНУ иргэдээ нүүлгэн шилжүүлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Нийслэл Жубагаас холгүй орших Бор хотод үл мэдэгдэх зэвсэгт этгээд АНУ-ын цэргийн гурван онгоц руу гал нээсэн юм. Тиймээс АНУ иргэдээ тус хотоос нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Өмнөд Суданы Засгийн газартай ярилцсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх газрыг тодорхойлсон” гэж хэлсэн аж. АНУ-ын иргэдийг Бор хотоос нийслэл Жубу хотод нисдэг тэргээр зөөвөрлөж эхэлсэн байна. АНУ-ын талаас мэдэгдэж буйгаар 380 орчим иргэнээ нүүлгэн шилжүүлээд байна. 2011 онд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улсад болж байгаа дотоодын зөрчил нь үндэстэн хоорондын тэмцлээс үүдэлтэй аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ