Богдын хөшөөг Тусгаар тогтнолын талбайд байрлуулна
Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Эртний түүхт монгол түмний эв эеэ хичээн байж олсон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлд хөтөлж хүн төрөлхтний түүхийн буурал хуудсыг зузаалсаар 102 онтой золгож байна. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын хуралдаанаар Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар болжээ.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. 1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шиний есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүхч судлаачид үздэг. Тиймээс энэ сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулах нь зөв гэж үзжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ