Алслагдсан дүүргийн тээврийн хэрэгслүүд хураамж төлөхгүй
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаар хотын авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам баталсан. Шинэ журам ирэх нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хураамжийг авахдаа авто тээврийн улсын үзлэгт хамрагдах үеэр төлбөрийг нэг дор авах юм байна. Мөн НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд хураамж авахгүй. Харин орон нутгийн тээврийн хэрэгслээс журамд заасны дагуу тодорхой хэмжээний хураамж авна. Тодруулбал суудлын тэрэг болон 3,5 тонн хүртэл жинтэй 2 голтой тээврийн хэрэгсэл товчоогоор өнгөрөхдөө 1000 төгрөг, 3,5-18 тонн хүртэл жинтэй ачааны автомашин 2000 төгрөг, 18-24 тонн хүртэл жинтэй тээврийн хэрэгсэл 3000 төгрөг 24-с дээш жинтэй тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн төлбөр төлнө. ДК, болон Олон улсын дугаартай тээврийн хэрэгсэлд энэ журам үйлчлэхгүй.
Мөн алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүргийн тээврийн хэрэгслүүд УБ гэсэн улсын дугааргүй байдаг. Тиймээс тухайн дүүргийн тээврийн хэрэгслүүд хураамж авахгүй аж. Харин Авто тээврийн улсын үзлэгээр татвараа төлнө.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ