Д.Эрдэнэбат: Хоёр сайдыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийнхээ дүгнэлтийг танилцуулж байна. Тэрбээр
7
-2012 онд улс орноо хүлээн авахад биднийг угтаж байсан эдийн засаг, нийгмийн бодит байдлаас асуудлын эхийг авч үзэх нь зүйтэй. Монгол Улс хөгжиж буй улс орнуудын дайрч өнгөрдөг зовлонг өнөөдөр туулж байна. Энэхүү бэрхшээлийг даван туулах эдийн засгийн шинэ бодлогын эхлэлийг тавих онцгой үүрэг энэ Засгийн газарт, түүний санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хоёр сайдад оногдсон юм. Нэг жил таван сарын өмнөх Монгол орон богино хугацааны зээлийн өртэй, импортын хэт хараат, экспортын чиглэлийн голлох үйлдвэрүүд нь улс төрийн популизмд боомилогдсон, мэргэшсэн ажиллах хүчний дутагдалтай, экспортын үндэсний үйлдвэрлэл хомсдолтой, хэрэглээний болон халамжийн эдийн засагтай орон байсан. 2011-2012 оны хэрэглээний зардлын хоёр их наяд төгрөг, түүнийг дагасан импортын огцом өсөлт нь Монгол Улсын эдийн засгийг шоконд оруулсан байсан юм. УИХ дахь АН-ын бүлэг үүсч болох аюулыг урьдчилан таамаглаж, шинэчлэлийн Засгийн газар, Монголбанкинд зөв бодлого баримталж хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хуримтлалд суурилсан эдийн засаг руу шилжүүлэх алхмыг хийх үүрэг өгсөн. Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд Оюутолгой, Тавантолгойн гэрээний нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн уналттай давхцаж, экспортын огцом татралт, валютын хомсдол, Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууссанаас улбаатай гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, урьдчилан авсан зээлийн төлөлт, ужгирсан хэт тансаглал, үрэлгэн байдал нь эмзэг эдийн засгийг огцом эрсдэлд оруулсан. Валютын ханшны бууралтаас шалтгаалан үүсч буй иргэд, аж ахуйн нэгжид учирч байгаа бодит хүндрэлээс аль болох хурдан, цаг алдалгүй гарах арга замыг бид эрчимтэй эрэлхийлж байна. 2008-2009 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд огцом унаж байсан гашуун туршлагыг давтахгүйн тулд тодорхой бодлого боловсруулж, шуурхай арга хэмжээг авч ажилласны бодит жишээ бол УИХ-ын 52 дугаар тогтоолоор зөвшөөрсөн гадаад эх үүсвэрээс 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон явдал юм. "Чингис бонд"-ыг босгож, дотоод зах зээлийг эрсдэлээс хамгаалах боломж бий болсон. Үүний үр дүнд Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Засгийн газрын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг хэрэгжүүлэх эдийн засгийн суурь нөхцөл бий болсон бөгөөд энэ нь дотоодын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ДНБ гурван жил дараалан хоёр оронтой тоонд тогтворжих нөхцөлийг хангасан. 2013 оны 3 дугаар улирлын байдлаар ДНБ 11.5 хувийн өсөлттэй байлгах бололцоотой болж байна. 2013 оноос Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрийг ашиглан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Дунд хугацааны энэ зорилтот хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлж, хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад “Гудамж” болон бусад төсөл хөтөлбөрүүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний дүнд 11 мянга гаруй шинэ ажлын байр буй болж, 30 мянга гаруй тогтвортой ажлын байрыг шууд үүсгэх бололцоог хангажээ. “Чингис” бондын мөнгийг бодит секторт чиглүүлснээр эдийн засаг дахь бүтээмжтэй мөнгөн нийлүүлэлтийг дэмжсэн. Банкуудын зээлийн тасалдлыг зогсоож, санхүү эдийн засгийн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлж чадсан. Хоёрхон жилийн дотор гурав дахин өсч байсан хэрэглээний зээлтэй, хэрэглээний эдийн засагтай байсан Монгол орны хувьд моргейжийн зээл олгож эхэлсэн нь хуримтлалаараа орон сууцтай болох, иргэн хүн хариуцлагатай, ажилтай, орлоготой байх эрмэлзлэлийг сэргээж, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн ач холбогдлоос гадна сэтгэлгээний том дэвшилд хөтөлж байгаа юм. Эдийн засаг хөгжлийн яамнаас “Үнэт цаасны зах зээлийн тухай” “Хөрөнгө оруулалтын сангийн тухай”, “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг 2013 онд багтаан боловсруулж, УИХ-аар батлуулсан нь дотоодын хөрөнгийн зах зээл хөгжих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тогтвортой, таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан. 750 гаруй үндэсний компаниудад авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц, үйлдвэрлэл, орон сууц барихад, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүдэд таван жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээл өгснөөр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих чухал алхам боллоо. ДНБ-ий өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүргэх үүднээс Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан зээл олгож, сум орон нутгийн хөгжлийг эрчимжих эхлэлийг тавилаа. “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн паркийг шинэчилснээр түрээсийн зардлаа бууруулж, дэлхийн томоохон хотууд руу шууд нислэг хийх боломж бүрдсэн. Замын-Үүд боомт дээр долоо хоног гацдаг байсан ачаа тээш авто замтай болсноор нэг өдрийн дотор ирж, ачаа эргэлтийг хурдасгасан. Монгол орны макро эдийн засгийн бодлого шинэчлэгдэн хэрэглээний эдийн засгаас бодит бүтээлч эдийн засаг руу асар богино хугацаанд шилжин орж байна. Зөвхөн цалин, халамж, хэрэглээнд дулдуйдсан эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжин, эдийн засгийн өсөлтөөс иргэдийн орлого шууд хамааралтай өсөх шинэ загварт эргэлт буцалтгүй шилжиж байна. Өнөөдөр эрх баригч болон сөрөг хүчний эдийн засгийн тухай ойлголт хол зөрүүтэй байна. Засгийн газар олон бэрхшээлтэй тулгарч байгаа. Энэ бэрхшээлийг даван туулахад алдаа онооны дэнсэнд байхыг үгүйсгэх аргагүй. 16 жилийн өмнөх шиг улс төрийн болон эдийн засгийн арга барилаар улс орныг хөтлөх санаархал хол явахгүй. Үнэндээ МАН-ын санхүү эдийн засгийн гол хуулиудад тээг тавьж байгаа байдал, хоёр сайдыг огцруулах гэж буй үйлдэл нь Монголын эдийн засгийн шинэ бодлогыг санаатайгаар таслан зогсоох гэсэн оролдлого юм. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвслийн чөлөөт зах зээлийн зөв эхлэлийн бодлогыг таслан зогсоосон, 2000-2012 онд төр, түмний хөрөнгөөр хэсэг хүмүүсийг баяжуулан, иргэдийн өөрсдийн хүчээр амьдрах эрмэлзлэлийг мөхөөсөн социалист хэв шинжтэй капитализмыг үргэлжлүүлэхийг эрмэлзсэн сонирхлуудыг дахин өндийлгөх эрх Ардчилсан намд байхгүй. Өнгөрсөн он жилүүдэд нэг нам, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг эрхэмлэж, төрийг үнэгүйдүүлж, завсраас нь ашиг хонжоо олж, Монгол орныг амьдрах чадваргүй болтол олон жил тонож, баяжсан үйлдэл, Улаанбаатарыг утаатай, угаартай, замгүй, газаргүй, төлөвлөлтгүй “хуаран” болгосон хариуцлага тооцогдоогүй үйлдлийг давтах боломжийг дахин олгох эрх олонхид байхгүй. “Ухаалаг төр рүү” алхах Ерөнхийлөгчийн санаачилгыг дөнгөж саяхан хамтран дэмжчихээд, улс орны байдалд бодит дүгнэлт хийж, эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй улс орноо өөд нь татах хамтын санал санаачилга гаргахын оронд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг өдөөсөн МАН-ын урагшгүй, ухаалаг бус үйлдлийг АН шүүмжилж байна. Улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж, ард түмний нэрийг барьж, Монголын эдийн засгийг барьцаалсан улс төрийн ашиг хонжоо хайсан хариуцлагагүй үйлдлүүд Монгол улсын эрх ашиг биш юм. УИХ дахь олонхи цаашид макро эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хадгалж эдийн засгийг эрчимжүүлэх, тэлэх асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана. Үүний тулд цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх олон ажил хүлээж байна. Үүнд, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох аж үйлдвэрлэлийг нэн яаралтай хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, алт, валютын хуримтлалыг өсгөх, санхүүгийн бодит хямралаас урьдчилан сэргийлэх, мөнгөний бодлогоо эрчимжүүлэх, аж үйлдвэрт технологи болон хөрөнгийн хуримтлалыг буй болгоход төрийн зонхилох үүргийг хувийн хэвшилтэй хослуулах, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад зах зээлээс хямд эх үүсвэрийг татаж, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх нь зөв гэж үзэж байна.
6
Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, санхүү эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын баримт бичгээ ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ бүхнийг гардан хийх чадвар нь шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт байгаа гэдэгт итгэлтэй байна. Төрийг хуучин бугшмал нөхцөл байдлаас салгаж, монгол хүнийг амьдрах чадвартай, Монгол төрийг цэвэр тунгалаг болгох, Монгол Улсыг бүрэн дархлаатай болгох бидний зорилго хэвээр байгааг нотолж байна. МАН-ын бүлгийн УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах үндэслэл үгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг гэж үзэж байна гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ