Н.Батбаяр: Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хоёр сайдыг огцруулах асуудлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн юм. Одоо гишүүд асуулт тавьж байна.
g
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна гэж байна. Гэхдээ будаа, гурилын үнэ гайгүй байна. Засгийн газарт алдаа дутагдал байгаа. Цөөнхөөс хэлж байгаа саналыг хүлээн авч, алдаагаа засах ёстой. Засгийн газрыг огцруулаад байх нь сайнгүй юм. Самурай бондыг босголоо. Зээлийг авах хэрэгтэй гэж боддог. Төсвийн алдагдал хоёр хувиасаа хэтэрсэн зүйл байна уу?
g
Сангийн сайд Ч.Улаан:
-Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу хөгжлийн бодлого явуулж байгаа. УИХ-аас шийдвэрлэсэн шийдвэр, хуулийн дагуу тогтоож өгсөн шалгуур үзүүлэлт, улсын өрийн хязгаар дотор багтааж энэ онд үнэт цаас босгох ажил явагдаж байна. Энэ ажлыг хөөцөлдөж байх явцад гэрээ хэлэлцэлд багагүй өөрчлөлт орсон. Эгзэгтэй үед олон улсын зах зээл дээр ажиллахад маш мэдрэмжтэй, улс орны дотоод байдалд үнэлэлт дүгнэлттэй ханддаг юм байна. Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Төсвийн алдагдлын хэмжээг хуулийн хүрээнд нь барьж ажиллаж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өрийн хэмжээ ДНБ-ний 50 хувиас хэтрэхгүй байх заалттай. Үүнийг хангаж ажиллана.
g
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:
-Улсын төсвийн тодотгол хийгээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт таван жилийн дунджаас буурч 58 хувьтай гарч байгаа. Өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтын биелэлт 88 хувьтай байсан. Самурай бонд бол олон улсын хэмжээнд зарцуулагддаггүй бонд. Цаад улс орондоо үлдэх мөнгөний хэмжээ нь их. Өрийн асуудлаар сэтгэл өвтгөх зүйл их байна. Сүүлийн 20 гаруй жил өр тавихдаа хөнгөлттэй, хүү багатай, хугацаа урт, 20-40 жилийн дараа төлөгдөхөөр байсан. Гэтэл богино хугацаатай зээлээр төсвийн алдагдал хүнд байсан үед нөхдөг. Засгийн газар 20 жилд авсан зээлийн хэмжээтэй тэнцэх мөнгийг нэг жилийн дотор авчихлаа. Тэгээд шинэ эдийн засгийн бодлогын эхлэл тавигдаж байна гээд тайлбарлаад байх юм. Үүнд хариулт өгнө үү?
b
Сангийн сайд Ч.Улаан:
-Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ оны байдлаар өмнөх онтой харьцуулахад доогуур байгаа нь үнэн. Төсвийн шинэ хуулийн дагуу бодитой хийсэн ажлын хэмжээ. 12 дугаар сард хөрөнгө оруулалтын санхүүжилт нэмэгддэг. Өмнөх саруудтай харьцуулахад гурав дахин нэмэгдүүлж байна. Энэ нь хийсэн ажлыг гүйцэтгэлтэй холбоотой. Ашиглалтад орох объектуудад хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь хөрөнгө оруулалтын бодит санхүүжилтийг хийсэн зүйл. Хий бичилт хийдэг зүйл арилсан. Олон улсын зах зээл дээр иенийн бондыг гаргахаар байгаа ч асуудал гарч байгаа. Эдийн засгийн өнөөдрийн төвшинг хадгалж үлдэхийн тулд энэ эх үүсвэрийг босгохыг хүсч байна. Шинээр босгох эх үүсвэрийг импортыг дэмжих, үйлдвэржүүлтэд зориулна. Хөнгөлөлттэй зээл авах бололцоо байсан. Эдийн засгийн бололцоотой уялдсан. Гэвч бодит эдийн засгийн салбарт өсөлт хөгжилт хийж чадаагүй, чамлалтай байгаа. Тийм учраас арилжааны зээлээр хөгжлийн эх үүсвэр татахаар хоёр зээлийг хослуулан хэрэглэж байна.
g
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцээд огцруулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Гишүүдийн зүгээс хууль зөрчсөн асуудлууд дээр юу гэж дүгнэсэн бэ? Огцруулах боломжгүй гэж ямар үндэслэлээр дүгнэсэн бэ? Төсвийн байнгын хорооны дүгнэлт мөн ялгаагүй. Үндэслэл нь алга.
g
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:
-Байнгын хорооны дүгнэлтийг боловсруулахдаа өмнөх УИХ-ын дүгнэлтийг харьцуулж бичсэн. Харин боломжгүй гэдэг үгийг үндэслэлгүй гэдгээр соль, техникийн алдаа гаргасан байна.
g
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Дүгнэлт гаргасны дараагаар засч залруулах асуудал байна. Үүнийг сайд анхаараарай гэдгийг хэлсэн. Ялангуяа хөрөнгө оруулалтын асуудалд анхаарч ажиллах талаар чиглэл өгсөн. Оны төгсгөлд Сангийн сайдын төсөв хэрэгжилтийн гүйцэтгэлтэй холбоотой тайлан сонсоно. Төсвийн гүйцэтгэл бол Сангийн сайдын ажлын үр дүн байдаг.
g
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Бид нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх ёстой. Өмнөх Засгийн газраас шинэчлэлийн Засгийн газар ямар эдийн засгийг хүлээж авсан бэ? Чингис бондыг авах зайлшгүй шаардлага нь юу байсан бэ? Хэрвээ энэ бондыг аваагүй байсан бол эдийн засаг ямар байх байсан бэ?
g
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ буурсан, дотооддоо өртэй эдийн засгийг хүлээж авсан. Монголын эдийн засгийн байдлын экспорт хүндэрсэн байгаа энэ үед хамгийн түрүүнд гадаад зах зээлээс мөнгө босгохоор ярьсан. УИХ-аас таван тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээлээс босгох үүрэг өгсөн. Бид 1,5 тэрбум ам.долларыг босгосон. Хэрвээ энэ бондыг босгоогүй бол бүтээн байгуулалт зогссон, валютын нөөцгүй байх байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон үед дотоодын эдийн засгийг дэмжих бодлого барьсан. Энэ жил бид 1800 км зам барьсан.
g
Сангийн сайд Ч.Улаан:
Хэрэглээг хөөрөгсдөн, эдийн засгийг хумисан байлаа. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарал сул байсан. Тийм учраас өгөөжгүй өсөлт байсан. Энэ байдлыг өөрчлөөд нийгмийн халамжийг цэгцэлж, бүтээн байгуулалт өрнүүлсэн нь энэ оны онцлог.
g
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Оюутолгойгоос авах татвараа яагаад оруулж ирэхгүй байна вэ? Жижиг аж ахуй нэгжүүдийг болохоор дарамталж байгаад авчихдаг шүү дээ.
g
Сангийн сайд Ч.Улаан:
-Оюутолгой хувьцаат компаниас 445,7 тэрбум төгрөгийг төсөвт оруулаарай гэж хуулиар даалгавар өгсөн. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээндээ энэ талаар тусгаагаагүй орхисон. Бид хэлэлцээ хийж байна. Гэрээгээ өөрчлөх гэлээ гээд нөгөө тал гэдийж байна. Бид хуулийн хүрээнд татвар авч байна. Нэг ч татварыг шинээр бий болгоогүй.
g
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Бондын талаар ҮАБЗ-өөс ямар зөвлөмж өгсөн бол. ДНБ-ний алдагдлыг хуулиар гурван хувь хүрвэл тодотгол хийнэ гэдэг. Үүнийг янз бүрээр тайлбарладаг хүмүүс. Таны хувьд ямар тайлбар хийх вэ? Хөгжлийн банкийг банкны системийн нэг хэсэг байлгах нь зөв үү?
g
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-ҮАБЗ-өөс УИХ-аас гаргасан тогтоолыг дагаж мөрдөхийг сануулсан. Үйлдвэрийн чиглэлээр мөн зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийнг дагуу ажиллаж байгаа. Зээлжих зэрэглэл буураагүй. Хандалтад өөрчлөлт орсон. Бид макро эдийн засгийн гол үзүүлэлтэд анхаарч ажилласан. Монгол улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд гарна. Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ. Өнгөрсөн жил төсвийн алдагдал урьд хожид байгаагүй өндөр гарсан. Төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнд гарна.
g
Сангийн сайд Ч.Улаан:
-Төсвийн тухай хуулинд ДНБ-ний гурван хувьтай тэнцэх хэмжээний алдагдал гарсан тохиолдолд тодотгол хийнэ гэсэн байдаг. Энэ жилийн хувьд төсвийн алдагдал хоёр хувьтай байхад тодотгол хийсэн. Хөгжлийн банкны тухайд алсдаа төсвөөрөө дамжиж явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.
g
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ