Засгийн газрын ордонг дэлбэлжээ
Хэдхэн цагийн өмнө Египетийн Мансура хотод байрлаж байсан Засгийн газрын ордон дэлбэрэлтэд өртөж, хамгаалалтын 14 ажилтан амиа алдлаа хэмээн “CNN” агентлаг мэдээллэв. Мансура хотын эмнэлэгт шархадсан 80 гаруй хүн хүргэгдлээ гэж Ерөнхий сайд Хазам Бэблавь “Mena news” агентлагт ярилцлага өгчээ. Шархадсан хүмүүсийн дотор төрийн дээд албан тушаалтнуудаас гадна НҮБ, АНУ, Англи, Шведээс ирсэн төлөөлөгчид багтаж байгаа гэнэ.
Алан хядагчид эхлээд барилгын дээврийг, дараа нь машинуудыг дэлбэлжээ. Террорист халдлагыг үйлдсэн этгээдүүдийг яаралтай илрүүлж, хатуу шийтгэнэ гэдгээ эрх баригчид амласан юм. Египетэд шинэ “Үндсэн хууль” батлах асуудлаар ирэх сарын 14-15-ны хооронд олон нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байгаа аж. Ажиглагчдын үзэж буйгаар “Үндсэн хууль”-ийн шинэ төсөлд шашны намууд болон цэргийн хүчнийхэнд эрх мэдэл төвлөрүүлэхийг хориглосон шийдвэрээс болж энэхүү халдлага гарсан гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ