Урьдчилан авсан зээлийн төлөлт эдийн засгийг эрсдэлд оруулжээ
Сөрөг хүчний зүгээс улс оронд тулгамдаад буй бэрхшээлүүд, эдийн засгийн нөхцөл байдлын алдаа бүхнийг өнөөгийн эрх баригчдад тохож үүрүүлэх гэсэн санаархлыг илтэд цухалзуулах болсон. Тэгвэл энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийнхээ дүгнэлтийг танилцуулахдаа “Ардчилсан нам засаг хүлээж авах үеийн эдийн засаг, нийгмийн бодит байдлаас асуудлын эхийг авч үзэх нь зүйтэй. Монгол Улс хөгжиж буй улс орнуудын дайрч өнгөрдөг зовлонг туулж байна. Бэрхшээлийг даван туулах эдийн засгийн шинэ бодлогын эхлэлийг тавих үүрэг энэ Засгийн газар, түүний санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хоёр сайдад оногдсон гэж болно.
Нэг жил таван сарын өмнөх Монгол орон богино хугацааны зээлийн өртэй, импортын хэт хараат, экспортолдог үйлдвэрүүд нь улс төрийн популизмд боомилогдсон, мэргэшсэн ажиллах хүчний дутагдалтай, экспортын үндэсний үйлдвэрлэл хомсдолтой, хэрэглээний болон халамжийн эдийн засагтай орон байсан. 2011-2012 оны хэрэглээний зардлын хоёр их наяд төгрөг, түүнийг дагасан импортын огцом өсөлт нь Монгол Улсын эдийн засгийг шоконд оруулсан байсан” хэмээн дүгнэсэн байна.
бй
Өнөөгийн эрх баригчид засаг барьснаас хойш нэг жилийн хугацаанд Оюутолгой, Тавантолгойн гэрээний нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнийн уналттай давхцаж, экспортын огцом татралт, валютын хомсдол, Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууссанаас улбаатай гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, урьдчилан авсан зээлийн төлөлт, ужгирсан хэт тансаглал, үрэлгэн байдал нь эмзэг эдийн засгийг огцом эрсдэлд оруулсан гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.
ы
Нэгэнт ийм нөхцөл байдалтай нүүр тулсан учраас 2008-2009 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд огцом унаж байсан гашуун туршлагыг давтахгүйн тулд тодорхой бодлого боловсруулж, шуурхай арга хэмжээг авч ажилласны бодит жишээ бол УИХ-ын 52 дугаар тогтоолоор зөвшөөрсөн гадаад эх үүсвэрээс 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон явдал хэмээн тус бүлэг үнэлжээ.
ы
"Чингис бонд"-ыг босгосноор юу хийж бүтээв, ямар эерэг үр дүн авчрав гэдэг асуудал урган гарах нь тодорхой. Тэгвэл уг бондоос санхүүжүүлсэн “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 3.1 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлээд байгаа. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахын тулд 136 тэрбум төгрөг зарцуулсан бол шатахууны үнийг тогтворжуулахын тулд 200 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Үүний үр дүнд нефтийн бүтээгдэхүүн импортолдог компаниуд жижиглэнгийн үнийг тогтвортой барьж, тасалдах явдлыг зогсоож чадсан юм.
ds
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих үүднээс нийт 162 тэрбум төгрөг, цемент, арматур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд 125 тэрбум төгрөг, нийт 287 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн дотоодын барилгын компаниудыг дэмжиж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд нийт 430 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Энэ бүхний дүнд барилгын угсралт түүхэнд байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж байна.
sa
“Чингис” бондын санхүүжилтээр бидний нүдэнд дээр хийгдсэн үр дүнтэй томоохон ажлуудын нэг нь авто зам, уулзваруудын шинэчлэл юм. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дундаас төмөр зам, авто замыг дэмжсэн хөтөлбөрүүд хамгийн чухал, алсыг харсан алхамд тооцогддог. 2011 онд Улаанбаатарын хатуу хучилттай зам 427.6 км байсан бол 2012 онд 512.1, 2013 онд 657.6 км болжээ. Зөвхөн энэ онд гэхэд Улаанбаатарт 110 гаруй км зам тавьсан бөгөөд шинэчлэлийн ажил хийсэн байна. Харин улсын хэмжээнд энэ онд 1800 км зам ашиглалтад хүлээж авсан юм.
ы
Мөн бондын хөрөнгөөс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирснээс 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, 481.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, зээлийн хүүг нь 8 хувьд шилжүүлсэн байна. Энэ нь өндөр хүүтэй зээлийн дарамтанд орж байсан иргэдийн амьдралд ихээхэн дэмжлэг болж байгаа юм. Түүнчлэн иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Ийнхүү “Хоёрхон жилийн дотор гурав дахин өсч байсан хэрэглээний зээлтэй, хэрэглээний эдийн засагтай байсан Монгол орны хувьд моргейжийн зээл олгож эхэлсэн нь хуримтлалаараа орон сууцтай болох, иргэн хүн хариуцлагатай, ажилтай, орлоготой байх эрмэлзлэлийг сэргээж, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн ач холбогдлоос гадна сэтгэлгээний том дэвшилд хөтөлж байна” хэмээн АН-ын бүлэг дүгнэсэн нь үнэнд ойр байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бололтой.
бы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ