Ерөнхийлөгч дөрвөн ихрийн гэр бүлийнхэнд мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Монгол Улсын түүхэнд анхных болж мэндэлсэн дөрвөн ихэр иргэндээ болон тэдний аав, ээжид мэндчилгээ дэвшүүлсэн байна. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ч.Баттулга, Э.Хандаа нарт, Эрхэм хоёр дүүдээ энэхүү өлзийт сайн өдөр дөрвөн ихэр үрийнхээ зулайг үнэрлэж, амьдралынхаа алтан шар замын торгон магнайд баяр баясгалантай зогсч байгаад Монгол Улсын төрийн тэргүүн би туйлын их баяртай байна. Та хоёртоо баяр хүргэе. Энэ хорвоод дөнгөж ирээд тарвалзан буй Монгол Улсын дөрвөн бяцхан иргэндээ эрүүл саруул, хурдан өсч бойжоод төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Төрийн ордон” гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ