Олборлолт, баяжуулалтын хэмжээг 10 сая тоннд хүргэв
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баяр тохиож буй энэ өдрүүдэд Өмнийн говь дахь Ухаа Худаг уурхай оны төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь бүрэн биелүүлсэн өндөр амжилтанд хүрчээ. Тус уурхай 2013 онд нийт 10 сая тонн нүүрс олборлож, 10 сая тонн нүүрс угааж, баяжуулах төлөвлөгөөгөө гүйцэд биелүүлснээр Монголын нүүрсний салбар дахь хамгийн өндөр хүчин чадалтай уурхай гэдгээ баталж байгаа юм. 2009 онд буюу үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны жил Ухаа Худаг уурхай 1.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2010 онд 3.9 сая, 2011 онд 7.1 сая, 2012 онд 8.6 сая тонн гэхчлэн нэмэгдүүлсээр 2013 онд ийнхүү олборлолт ба баяжуулалтын хэмжээг 10 сая тоннд хүргэсэн байна.
1
Уурхайн төлөвлөлтийн ахлах инженер Б.Оюунбаатар:
-Манай уурхай ажиллаж эхлээд 5 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд нийт 30 орчим сая тонн нүүрс олборлосны 10 саяыг нь зөвхөн 2013 онд олборлоно гэдэг бол маш том амжилт. Ганц манай уурхайн хувьд төдийгүй Монгол Улсын нүүрсний салбарт тогтоож буй шинэ амжилт гэж хэлж болно. Нүсэр том уурхайг хянаж, удирдана гэдэг маш амаргүй, төвөгтэй ажил байдаг. 2013 онд бид уурхайн үйл ажиллагааныхаа удирдлага, хяналтыг сайжруулахын тулд шинээр диспетчерийн систем нэвтрүүлсэн. Уурхайн бүх машин механизмуудад GPS систем суурилуулагдсан. Ингээд уурхайн бүх үйл ажиллагаа, ээлжүүдийг тусгай програмаар хянах боломжтой болсон. Энэ мэт технологийн дэвшил болон нийт баг, хамт олны мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны дүнд өндөр үзүүлэлттэй ажиллаж чадлаа.
1
2013 он бүхэлдээ уул уурхай, нүүрсний салбарын хувьд хямралтай, хүндхэн жил болж өнгөрсөн хэдий ч Энержи Ресурс компанийн зүгээс хямралыг даван туулах алхмуудыг хэрэгжүүлэн, дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчилсан байна. Гол нь жилд 10 сая тонн нүүрс угааж, баяжуулснаар дотооддоо нэмүү өртөг шингээж, монгол нүүрсний үнэ цэнийг гадаад зах зээлд нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Энэ талаар бид тус уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн захирал У.Баясгалангаас товч тодруулга авлаа.
1
-Ухаа Худагийн Нүүрс баяжуулах үйлдвэр 10 сая тонн нүүрс угааж, баяжуулсан гэх өндөр тоон үзүүлэлт сонсогдож байна?
-Тийм ээ. Та бүхэн мэдэж байгаа байх, манай үйлдвэр 2011 оны 6-р сард ашиглалтад орсон. 2013 оны хувьд бид 10 сая тонн нүүрс угааж, баяжуулах төлөвлөгөөгөө 12-р сарын 8-нд, хугацаанаасаа өмнө биелүүлчихээд, шинэ жилээ угтах гээд урам зориг дүүрэн байна. Өөрөөр хэлвэл 2013 оны 1 сарын 1-нээс 12-р сарын 8 хүртэлх хугацаанд 10 сая тонн нүүрс хүлээж авч баяжуулжээ. Ийм өндөр үзүүлэлттэй ажиллахад юу нөлөөлсөн бэ гэхээр, нэгдүгээрт оны эхнээс үйлдвэрийн 1 ба 2-р модуль бүрэн хүчин чадлаараа ажилласан. Хоёрдугаарт, манай монгол залуучууд богино хугацаанд маш сайн мэргэшиж, чадваржиж байна.
1
-Монгол залуучууд гэснээс үйлдвэрт нийт хэдэн хүн ажиллаж байна вэ? Үүнээс хэд нь монголчууд байна вэ?
-Одоо манай үйлдвэрт 180 монгол залуу ажиллаж байна. Үүний дийлэнх нь буюу 95 орчим хувь нь баяжуулагч инженер, ашиглалтын инженер, цахилгааны инженер, механик инженер гээд дээд боловсролтой залуус байна. Гадаад хүмүүс гэвэл Австралийн 4 сургагч багш бий. Нүүрс баяжуулах үйлдвэр маань өөрөө Монголын энэ төрлийн анхны үйлдвэр. Өөрөөр хэлвэл нүүрс баяжуулах чиглэлээр төгссөн монгол залуус байсан болохоос биш яг ийм үйлдвэрийг ажиллуулж байсан туршлага монголчуудад байгаагүй. Энэ утгаараа бид үйлдвэрийн дизайн, технологийн шийдлийг гаргасан Австралийн Сежмен компанийн менежментээр 2012 оныг дуустал явсан. Харин 2013 оны 1-р сарын 1-нээс эхлээд монголчууд бид бүрэн өөрсдийнхөө хүч чадлаар энэ үйлдвэрээ авч явж эхэлсэн. Манай залуучууд энэ богино хугацаанд ямар их чадваржиж, бие даасныг би ганцхан жишээгээр хэлье. Үйлдвэрийн 27 тонн жинтэй, нүсэр том төхөөрөмжийн холхивчийг солиход кран шаардагдахаас аваад угсрах, задлах гээд маш их цаг, ажиллагаа ордог. Анх 2011 оны сүүлчээр энэ төхөөрөмжийг засахын тулд манай залуучууд австрали мэргэжилтнүүдийн удирдлаган дор ажиллахад 7 хоног зарцуулж байсан. Гэтэл сая 2013 онд ээлжит засвар үйлчилгээ хийх үеэр яг тэр төхөөрөмжийг засахад ердөө 2 өдөр зарцуулж байна. Ингэхлээр манай залуусын ур чадвар хэд дахин өссөн нь ойлгогдож байгаа байх. Ер нь монголчууд маань маш хурдан өсч, чадавхижиж, дэлхийн түвшний мэргэжилтнүүд болж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ