Ирэх сарын 1-нээс тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй
Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон. Энэ тогтоолын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяагаас тодрууллаа.
- 2012 оны 12 сарын байдлаар 4009 согтууруулах ундаа худалдан түүгээр үйлчилдэг цэг байсан. Бид согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг цэгүүдэд оногдсон эрх,үүргийнхээ дагуу шалгалт хийж, хууль зөрчсөн зарим газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Энэ онд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог 670-аар бууруулсан.
-Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байх үндэслэл нь юу байна вэ?
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, орон сууцны 1 дүгээр давхар, оюутны хотхон, сургууль, цэцэрлэгийн ойролцоох газарт асуудлыг шийдвэрлэхэд төвөгтэй, аж ахуйн нэгжийн хууль эрхийн мэдлэг, нийгмийн хариуцлагын талаарх төлөвшил дутагдалтай зэрэг зөрчилтэй асуудлууд байгаатай холбогдуулан энэ хуулийн заалтуудыг нарийвчлан тогтоох үүднээс “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” –д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд боловсруулж байгаа. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аас батлах хүртэл” Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
6
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ