Ханхүү Харри: Ээжийгээ ямар их санаж байна гээч
Их Британийн ханхүү Харригийн Өмнөд туйлд очих ээлжит аялал амжилттай үргэлжилсээр. Тэрбээр өнгөрсөн 17-нд Антрактидийн хойд цэгт хүрч чадсан билээ. Улс төр, нийгмийн амьдарлд оролцохоосоо илүү аялал, зугаалгад цаг зарцуулдаг тэрбээр өнгөрсөн жил нисэх хүчинд амжилттай алба хааж, хүний амь аврах ажиллагаанд оролцож байсан. Харин энэ удаа Өмнөд туйлд хүрэх аяллын багт орж, хамгийн хүйтэн цэгт амжилттай аялж байна. Ханхүүгээс “ABC” агентлаг ярилцлага авчээ.
:
-Хүйтэн байна аа. Та харж байна уу миний хацар хөлдчихсөн байгаа биз дээ. Би амьдралдаа хацраа хэзээ ч хөлдөөж үзээгүй л дээ. Нэг үгээр хэлэхэд, сайхан байна.
_
-Английн ханхүү Харри найз бүсгүй Крессида Бонасад гэрлэх санал тавьж магадгүй гэсэн яриа нэг хэсэг гарч байснаа хэсэг хугацааны дараа дахиад л чимээгүй болчихлоо. Ирэх жил хуримын зар түгж Уильям ханхүү шиг аз жаргалтай байхыг хүсч байгаа байх даа?
-Гэр бүл бол аз жаргалын хамгийн нандин түлхүүр гэж эмээ минь надад байнга сануулдаг. Би одоо 28 настай. Англичуудын эртний ёсоор бараг хүүхдийн эцэг, гэр бүлийн тэргүүн байх ёстой нас минь нэгэнт хаалганы урд минь бөхийж байна. Би XX зууны хамгийн төгс гэр бүлээс төрсөн жинхэнэ ханхүү ч гэлээ, эцэг болж гэр бүл зохионо гэхээс бага зэрэг айх юм.
_
-Хүндхэн асуулт байсан бололтой. Би зүгээр л Крессида Бонаса таны эхнэр, дараагийн хаан ширээний өв залгамжлагчийн гэргий болох арай болоогүй гэж үү гэх гээд.
-Тэр бол сайхан бүсгүй. Түүнд эрхэм дээдсийн чанар илүү хадгалагдаж байдаг.
_
-Их Британийн ханхүү Уильям, түүний гэргий нар анхны хүүхдээ өлгийдөн аваад бөөн баяр байгаа. Дэлхий даяар сайхан хост аз жаргал хүсч суугаа. Тэгвэл Уильямын төрсөн дүү ханхүү Харри хэзээ аав болох вэ?
-Хааяа дүүгээ харахдаа асрагчийн хувьд өндөр үнэтэй хүн гэдгийг минь мэдэх үе ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Яг үнэндээ би ханхүү Жоржийг анх харахад тэр уйлж байсан. Ер нь түүний үеийнхэн энэ үедээ уйлдаг л юм шиг байгаан. Манай хааны гэр бүл сүүлийн 30 жил огт шинэчлэгдээгүй. Харин ханхүү Жорж хатан хааны ордонг нарны цацраг шиг л гийгүүлж орхисон. Гэхдээ гэр бүлдээ шинэ гишүүнтэй болно гэдэг сайхан юм аа.
_
-Та бяцхан ханхүүд ахын хувиар юу заахыг хүсч байна?
-Би Жоржийг хөгжилдөж, наргиж сургах болно. Тэр аяндаа ухаажих байх. Би муу явдлаар холуур байх ухаанд сургаж, хөгжилтэй байхыг зааж өгнө өө. Харин үлдсэн үүргийг нь эцэг эх нь хариуцах байх.
,
-Ханхүү Харри баян чинээлэг улсаар айлчлахаас илүү Африкийн ядуу буурай орны захын бөглүү тосгонд их айлчилдаг санагддаг?
-Энэ бүхэн хэдэн жилийн өмнө Лесотод найзтайгаа хамт аялснаас эхэлсэн. Би нэг Австрали найзтайгаа хамт тэр жижиг оронд очиж, найман долоо хоног Африкаар аялсан. Тэр хоёр сар шахам хугацаанд би Африкийн хүн ард, хүүхэд багагчуудын амьдралыг нүдээр харсан. Тэдэнд ямар зовлон бэрхшээл байгааг ч олж харсан. Тэгээд эргэж ирээд тэдний төлөө ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Ингээд “Sentebale” төрийн бус байгууллагаа санаачлан удирдах болсон. Түүнээс хойш байгууллагынхаа шугамаар ядуу буурай гэх тодотголтой орнуудад очиж, өөрийгөө нийгэмтэй арай өөр замаар холбохыг хүссэн. 19 насандаа анхны хүмүүнлэгийн сангаа нээж, хүн амын дөрөвний нэг хувь нь ДОХ/ХДХВ-ээр өвчилсөн Лесото хэмээх Африкийн ядуу буурай орны хүүхэд багачуудад туслаж эхэлсэн.
,
-Магадгүй ийм сайн санааны үйлс эхлүүлэхэд ээж тань нөлөөлсөн болов уу. Диана гүнж маш олон буяны үйл ажиллагааг эхлүүлсэн ч дуусгаж чадаагүй дэндүү эрт хорвоог орхисон шүү дээ?
-Үүнийг яг ч ээжтэй холбох шаардлагагүй л дээ. Тэр хүүхдүүдийн төлөө ямар нэгэн зүйл хийе гэсэн миний өөрийн хувийн бодол, хүсэл, зорилго юм. Би одоо хүртэл ээжийг ямар буяны ажил зохион байгуулж байсныг цээжээрээ нэрлэж чадахгүй. Харин энэ буяны сан минь миний томоохон бүтээл гэж бодож байна. “Sentebale” гэдэг нь “намайг битгий мартаач” гэсэн үг. Энэ үгээрээ би тэр хүүхдүүдийг битгий мартаач гэж хүмүүст хэлэхийг оролдсон. Миний найз, энэ санг хамтран байгуулсан Лесотогийн хунтайж Сийсогийн ээж ч бас залуудаа таалал төгссөн юм. Бид хоёр хааяа ээжүүдийнхээ талаар сэтгэлээ онгойтол ярилцдаг. Ярьж дууссаны дараа бид хоёрын хацраар нулимс урсч байдаг. Ээжийгээ ямар их санаж байна гээч. Намайг 13 настай байхад явчихсан. Ах бид хоёрт юу ч хэлээгүй. Одоо хүртэл үхэл нь нууц хэвээр.
,
-Африкт байхад танд яагаад таалагддаг юм бэ?
-Асар их баяр хөөр. Гагцхүү Африкийн хүүхдүүд биш л дээ. Би ер нь л хүүхдүүдтэй байхдаа их аз жаргалтай, баяртай байдаг. Учир нь, би ч гэсэн өөрийгөө сэтгэлээрээ нэг жаахан хүүхэд л гэж боддог. Би эмээгийн хэлж байсныг санаж байна. Ханхүү Жорж төрөөд долоо хонож байхад эмээ маань түүнийг тэврэхийг хүссэн ч айж байгаагаа хэлж байсан. Би яагаад айгаад байгаа юм бэ гэж асуухад эмээ минь хамгийн отгон ач минь 28 хүрчихсэн байдаг. Тэгэхээр хүүхдээс их хөндийрчихжээ. Бас нас минь 80 хүрчихдэг. Уильямыг аав болсон гэхэд итгэж өгөхгүй нь гэсэн юм.
,
-Тэдэнтэй хамт байхдаа ханхүү гэдгээ ч мартаад, жирийн амьдралд илүү ойртдог гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэдний хувьд би хэн бэ гэдэг огтхон ч чухал биш. Тэд намайг зүгээр л нэг өндөр цагаан залуу байна гэж боддог. Би тэднийг ийш тийш нь өргөж шидээд цагийг зугаатай өнгөрүүлдэг дээ. Хамгийн гол би энэ нийгмээс гарахын тулд боловсрол ямар их хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг. Тэд англи хэлийг төрлөх хэл шигээ эзэмшихийг хүсдэг. Олон улсад хүндлэгдэхийг хүсвэл эхлээд Англи хэлийг эзэмш. Тэр бол цоожтой хаалганы түлхүүр.
,

-Үгүй ээ, юу гэж тийм байх вэ. “Өө бурхан минь, ханхүү явж байна” гэдэг охид үлгэрт л гардаг байх. Гэхдээ мэдээж бидний амьдралд бага зэрэг ялгаатай зүйл бий л дээ.
,
-Хатан хааны гэр бүлтэй нөхөрлөсөн ганц эрхэм бол Дэвид Бекхэм хэмээн дэлхий нийт боддог?
-Тиймээ. Түүнийг талбайд тоглож байхад эмээ, аав хоёр “Английн энэ цагийн баатар” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон. Тэр бол мундаг тамирчин, агуу эцэг, бусдын үлгэр дуурайлал.
,
-Та хэзээ нэгэн цагт өөрийгөө язгуур угсаагүй, эгэл жирийн залуу байсан болоосой гэж хүсч байсан уу?
-Тийм ээ, ганцхан би ч биш, ах бид хоёр дандаа л тэгж хүсдэг байсан. Зүгээр л эгэл жирийн гаралтай байсан бол гэж санаашрах үе зөндөө гардаг байсан. Гэхдээ одоо бид нэрнийхээ өмнө дуудагдах энэ цол хэргэм бусдын ахуй амьдрал, улс орны ирээдүйд ямар хүчтэйгээр нөлөөлж чадахыг ойлгодог болсон учраас хэн нэгний сайн сайхны төлөө зориулах юм сан гэж үүрэг хариуцлагаа ухамсарладаг болсон. Нэгэнт бид ханхүү болоод төрчихсөн учраас энэ хэргэм зэргийг хүмүүсийн төлөө, хүүхдүүдийн төлөө хэрэгтэй зүйлд нь зориулахыг хүсч байна.
,
-Сэтгэл дотор тань тодоос тод үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-2012 онд Ямайкад айлчлах үеэрээ Усайн Болттой уралдаад “түрүүлсэн”. Усайн Болттой уралдана гэдэг чиний хийх ажил биш шүү дээ гэж эмээгээсээ шүүмжлэл сонссон. Би тэрэнтэй уралдсанаас болж хоёр томоохон төлөвлөгөөгөө хойшлуулж, Англид очих хугацаанаасаа гурван хоногоор хоцорсон. Тэгэхдээ надад хөгжилтэй байсан шүү.
,
-Та Афганистанд алба хааж байгаад хэвлэлийн шуугианаас болж гэнэт буцах болсондоо их бухимдаж байсан. Үнэндээ танд заавал тэгэх шаардлага байхгүй. Яагаад тийм дайн тулаантай газар очихыг хүссэн юм бэ. Энэ нь Афганы хүн ардад чухал учраас уу. Эсвэл хатан хаан, Их Британийн тусын тулд уу?
-Би тэнд очих гэж бэлтгэгдсэн хүн. Арми мөнгө гаргаж намайг сургаж, дадлагажуулсан. Хэрэв тэд намайг тийш нь илгээхгүй л байсан юм бол анхнаасаа нисгэгч болгон бэлтгэхгүй байсан юм. Өнөө үед арми илүү зарлага гаргаж, үүрэг гүйцэтгэхгүй хүнийг сургахаа больсон шүү дээ. Тийм ч учраас би армийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүссэн. Хэрэв би тэнд очоогүй бол хүмүүс “Тэр нисгэгчээр бэлтгэгдсэн атлаа нэг ч удаа фронтод очиж үзсэнгүй” гэж ярих болно шүү дээ. Гэхдээ би тэнд очсон. Эх орныхоо нэрийн өмнөөс зүтгэсэн. Би гэр бүл, ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн зүгээр л нэг дайчин эр.
,
-Кейт Миддлтон та хоёр хэр дотно вэ?
-Юу гээч, дүүтэй болох тийм ч сайхан биш тийм ээ. Харин эгчтэй болох үнэхээр, үнэхээр сайхан. Кейт үнэхээр гайхалтай бүсгүй. Ах маань их азтай хүн шүү. Кейт ч бас ахыг маань олсон нь их аз. Тэр хоёр бие биедээ үнэхээр тохирсон, сонгодог хос. Үнэнийг хэлэхэд, бид Уильямыг хэзээ ч гэрлэхгүй нь гэж боддог байсан. Түүний хувьд Кейтийг гэр бүлдээ авчирна гэдэг маш том шийдвэр байсан.

_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ