Уул уурхайн салбар шилдгүүдээ тодруулав
Уул уурхайн яамнаас өнөөдөр оны шилдгүүдээ шалгарууллаа. Шилдгүүдийг дөрвөн номинациар шалгаруулж, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нар өргөмжлөлийг гардуулсан юм. 2013 оны тэргүүний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, байгууллагаар “Шарын гол” ХК, шилдэг технологи нэвтрүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагаар “Оюутолгой” ХХК, шилдэг төсөл боловсруулагчаар “Гложекс” ХХК шалгарсан бол тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж, байгууллагаар “Алтан Дорнод Монгол” ХХК тодорсон юм.
Энэ үеэр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал М.Идэр “Энэ жил бид 190 га талбайд техникийн, 150 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд компанийн зүгээс нийт зургаан тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү шагнал хийж бүтээсэн ажлыг үнэлээд зогсохгүй ирэх жилүүдэд хийх ажилд маань их урам зориг хайрлаж байна” хэмээн ярилаа.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ