Хөх Монголын минь арслантай авдар
Монголчууд бид хүчирхэг араатан АРСЛАН-г энэхүү ертөнцийн хүчтэнүүдийн нэг гэдгийг эрт дээрээс мэдэн хүлээн зөвшөөрч өөрийн хүч, эр бяраараа амьдрах орон зайгаа тэмцэн тогтоодог шудрага зарчим нь эрэлхэг ард түмэнд маань дээдлэн эрхэмлэх шалтаг шалтгаан болсон нь дамжиггүй биз ээ.
Тийм ч учраас язгуурын эрэлхэг өвөг дээдэс, ухаант ихэс маань энэхүү хүчит араатан АРСЛАН-гийн зураг дүрсийг Төр улсын тамга, ордон асарын үүд хаалга, үнэт өв, эд хөрөнгө хадгалах авдар савын нүүр зэрэгт урлан бүтээдэг нь Төр улс, Түмэн олон, Өрх голомтын язгуур эрх ашиг нь хүчирхэгээр хамгаалагдаж байгаа тул хэн дуртай нь хүрч авах, эрхшээн булаахыг цаазлан хориглосоныг чандлан билэгдсэн байдаг буй заа.
.
Улс Үндэстэн бүрийн эрхэмлэн нандигнаж үхэлдэн хамгаалах үнэлж баршгүй амин сүнс нь ГАЗАР НУТАГ мөнөөсөө мөн.
Монголчууд бид өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн газар шороо, төрт ёс, түүх соёл уламжлалын өв их эрдэнэтэй билээ.
Энэ их өв эрдэнээс Монгол орны газрын хэвлий дэх эрдэс баялаг, ашигт малтмал нь яалт ч үгүй АРСЛАНТАЙ АВДАРТ буй эрдэнэс мөн тул Монгол орны Эрдэс баялаг, Геологи, Уул уурхайн салбарт үүссэн нөхцөл байдал, тулгараад байгаа асуудлууд, түүний үр дагавар нь улс орны эрх ашиг, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаад нь жирийн нэгэн мэргэжилтэн, иргэнийхээ хувиас өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг зорьж баялаг сайхан нутгийн маань хэвлийд орших эрдэс баялагаа монгол авдарт хадгалагдах өв дамжих өв хөрөнгө хэмээн сэтгэж энэхүү нийтлэлээ ийнхүү нэрийдсэн болно.
.
Монгол орны геологийн тогтоц нь төрөл бүрийн ашигт малтмалын арвин их нөөц бүрэлдэн тогтох таатай нөхцөл бүрдсэн баялаг газар орон бөгөөд олон олон ордуудыг нээн илрүүлж ашиглаж байна.Бид өнөөдөр цөөхөн хэдэн төрөл болох алт, нүүрс, төмрийн хүдэр, зэс молибединий баяжмал, жоншийг олборлож байгаа.Эдгээрээс гадна цаана нь олон төрлийн эрдэс элементүүд ашиглагдаж эдийн засгийн эргэлтэд орох ээлжээ хүлээж байна.Гэтэл сүүлийн үед орд баялагаа тойрсон хэрүүл, үл ойлголцол, хардалт сэрдэлтийн хар хөшиг нийгэмд давамгайлж хэн дуртай нь тус салбарын талаар буруу зөвгүй бурж, нэг ёсны шоу болоод байгаа нь харамсалтай.
.
Манай Улсад орчин цагийн Геологийн салбар хөгжөөд 74 жил болж байна. Салбарын хөгжлийн тулгын чулууг тухайн үеийн ЗХУ-ын тусламж дэмжлэгтэйгээр тавьж мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, техник технологи, салбарын стандартыг ч бий болгосон байдаг.Одоо ч манай салбарын нөлөө бүхий ахмад мэргэжилтнүүд дээрх стандартаар суралцаж ажиллаж туршлагажиж ирсэн байгаа.Оросын шинжлэх ухаан боловсролын салбар одоо ч дэлхийд чанараараа үнэлэгдэж, сайн боловсон хүчин гаргадгаараа алдартай.Тийм болохоор манай салбарын мэргэжилтнүүд сайн суурьтай гэж ам бардам хэлж болно.
.
Асуудлын гол нь боловсон хүчний чадвар чансаад бус тухайн салбар нь нийгэм улс төр, эдийн засгийн шилжилтийн явц дунд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсээр, зөв зохистой тэнцвэртэй харьцааны уулзвар цэгээ олох гэж ядаж явна.Улс орны шилжилтийн эхэн үеийн хүнд хэцүү цаг үед уул уурхайн салбар, мэргэжилтнүүд нь үүргээ нэр төртэй биелүүлж эдийн засаг, төсөв мөнгөнд ихээхэн нэмэр болж ирсэн.
Чөлөөт зах зээлийн эдийн засгийн энэ цаг дор Геологи, Уул уурхайн салбар нь хөгжлийнхөө алтан гараан дээр ирээд байна. Салбарын сүүлийн 20 жилд туулж ирсэн туршлагаас нь бид өнөөдөр олон талын дүгнэлт хийж бодлого чиглэлээ бодитой тодорхойлж эрх зүйн орчныг нь тогтвортой, харилцан ашигтай байхаар тогтоох нь зайлшгүй шаардлага болоод байна.
.
Салбарын дэс дарааллаар нь бол шинээр илрэн нээгдэж байгаа эрдэс баялагийн ордууд түүний нөөцийг ямар арга аргачлал, стандартаар хийж гүйцэтгэх, үнэлгээ шинжилгээг яаж хийж, ямар шалгуураар Улсын Нөөцөд хүлээн авах зэргийг нарийвчлан тогтоох хэрэгтэй байна.Одоогоор манайд Эрдэс баялагийн нөөцийг бүртгэж авч байгаа арга барил нь стандартын хувьд таарахгүй байгааг бид хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцнэ.Учир нь тухайн ордын нөөцийг Улсын нөөцөд бүртгэн авснаар тухайн баримт бичгийг үндэслэн уул уурхайн цаашдын төслийг боловсруулж санхүүжүүлснээр эдийн засгийн идэвхтэй харилцаанд ордог.Харамсалтай нь яг энэ үеэс ордуудыг тойрсон элдэв маргаан, санхүүгийн учир замбараагүй асуудлууд хөвөрч эхэлснээр үнэн бодит тоо, тооцоо хоёр чухам хаана нь живж булагдсаныг олохын эцэсгүй байдлууд үүсдэг.Үүний нэг том жишээ нь олон нийтийн хэрэгслээр цацагдаж санхүүгийн олон будлианд холилдсон Олон овоотын алтны ордыг дурдаж болно. Улсын Нөөцөд бүртгэснээр нь бол 10 гаруй тонн алтны нөөцтэй гэсэн атлаа ачир дээрээ 3 гаруй тонн байна уу үгүй юу дээрээ очоод байдаг.
_
Үнэндээ бол манай Улсын нөөцөд бүртгэсэн ямар ч ордын нөөцийн үнэлгээний баримт бичгийг дотоод гадаадын ямар ч хөрөнгө оруулагч хүлээн зөвшөөрдөггүй буюу итгэдэггүй. Хэрвээ хэн нэгэн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн сонирхлыг нь татахуйц манайд нөөц нь батлагдсан төсөл байвал эхлээд экспертиз хийлгэж эерэг үр дүн гарвал нөөцийн үнэлгээний ажлыг эхний шатнаас нь олон улсын хэмжээнд мөрдөж, аль ч орны ямар ч банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг стандарт ( Австрали, АНУ, Канад зэрэг олон оронд мөрдөж байдаг)-аар дахин хийж гүйцэтгэдэг. Энэ юуг илэрхийлээд байна вэ гэвэл манай нөөцийн үнэлгээний талаар мөрдөж байгаа дүрэм журам нь олон улсын тогтсон стандартаас зөрөөд байнаа гэдгийг л харуулаад байна.Цаашилбал Оюу Толгойн хайгуул, нөөцийн тооцоо үнэлгээ, ТЭЗҮ боловсруулсан ажлын нийт өртөг зардал хэд болоод байгааг бид хянаж дүгнэж чадахгүй л байна.Энд хийгдсэн ажлууд, үр дүн нь тодорхой бөгөөд харин ямар үнэлгээгээр хэдий хугацаанд хийдэг талаарх туршлага бидэнд байхгүйгээс гадна манай мөрдөөд байгаа стандарт таарахгүй байгаа нь өнөөдрийн үл ойлголцлын нэг шалтгаан нөхцөл болоод байгаа нь илт.Энэ нь ч биднийг эвгүй байдалд оруулдаг нэг том сөрөг үзүүлэлт юм.Бид хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засгийн эргэлтэнд уул уурхайн салбараараа оролцох л болно.Гэтэл бид дэлхий даяараа дагаж мөрдөөд явж байгаа дүрэм журам, стандартуудыг өөртөө авч хэрэглэхгүйгээр тэр том захын тоглоомонд хожлын оноонууд цуглуулна гэдэг их л бүдэг харагдаад байна.Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр магадгүй бидний энэ стандартын бус байдал зарим нэгэнд ашигтай байхыг үгүйсгэхгүй. Манай зарим нэгэн хүмүүс өөрсдийн стандарттай болж болно гэж ярьдаг нь дэндүү гэнэн мөрөөдөл бөгөөд хэрвээ бид Эрдэнэт, Оюу Толгой мэтийн нилээн хэдэн том том ордуудыг үндэсний мэргэжилтнүүд, менежментийн хүчтэй багаараа илрүүлэн нээж, нөөцийг нь бодож, ТЭЗҮ-г боловсруулаад өөрсдийн хөрөнгөөрөө санхүүжүүлээд том зах дээр амжилттай тоглож байгаа бол бас бодож болох л амбиц. Даан ч бидэнд одоо ийм боломж хомс тул өөрсдийн стандарттай болж бусдаар хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь цаг зав, хөрөнгө үрсэн хөгийн бүтэшгүй ажил болно.
.
Иймийн тулд уул уурхайн салбарын үндсэн суурь өгөгдөхүүн болсон Геологийн эрэл хайгуул, нөөцийн үнэлгээндээ олон улсын стандартуудыг мөрдлөг болгох, үндэсний мэргэжилтэнүүдээ дахин сургалтаар бэлтгэж хүлээн зөвшөөрүүлэх, ордын нөөцийг тооцоолж дуусах хүртэлх зарцуулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтын ил тод байдлыг хангах нь бидний эрх ашиг, тухайн ордын цаашдын хувь заяа, эдийн засгийн эрүүл үзүүлэлтийг бүрдүүлэхэд маш том эерэг түлхэц болно.
Гараа сайн бол бариа сайн гэгчээр салбарын анхдагч үндсэн өгөгдөхүүнүүд нь олон улсад мөрддөг стандартын дагуу бодитой болсноор бидэнд олон давуу талын боломжууд нээгдэх нь дамжиггүй.
Уул уурхайн төсөл нь бодит тооцоонд үндэслэгдсэн инженерчлэлийн цогц шийдэл бөгөөд тусгайлсан менежмент шаарддаг том багуудын хамтарсан тоглолт байдаг.Уул уурхайн төсөлд жижиг сэдэв, жижиг асуудал, хоосон сул цаг гэж байхгүйгээс гадна буруу төлөвлөлт, ялимгүй алдаа нь хэдэн арав, хэдэн зуун сая доллараар ч засаж залруулж болшгүй байдалд хүргэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.
Олны мэдэх Оюу Толгойн асуудлаар манай хоёр улс төрч олон нийтийн телевизээр мэтгэлцээн явуулж нийгэм үүнийг нь маш анхааралтай ажиглаж байсан.Энэ мэтгэлцээний үед Оюу Толгой төслийн менежментийн зардал их байгаа тухай хөндөгдлөө. Гэтэл
.
“ Роялитийн 6 хувь гэдэг бага тоо, юу ярьж байгаан хэрвээ ашгийн 6 хувь байсан бол ёстой аймаар их байхгүй юу. Юм мэдэхгүй байж.” гэдэг байгаа.Ганц энэ тухайг нь л задлаж тайлбарлахад РОЯЛИТИ буюу нөөц ашигласны төлөө авдаг ХААН ТАТВАР нь БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГООС тооцогддог татвар юм.Харин АШИГ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарсан зардлуудыг хасч Татвар тооцуулах тоо гэдгийг захын иргэн мэднэ.Бүтээгдэхүүн борлуулаад олсон орлого 1 000 000 ам доллар, үүний 6 хувийн Роялити нь 60 000 ам доллар. Тэгвэл уул уурхайн үйлдвэрлэлд ховорхон байх 50 хувийн ашигтай үйлдвэрлэлээр ашгийн хувийг төсөөлж бодъё. 1 000 000 ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардалд 500 000 ам доллар буюу 50 хувийн зардал гаргахад ашиг 500 000 ам доллар.Үүний 6 хувь нь 30 000 ам доллар. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал нэмэгдэх тусам 6 хувьд ногдох ашгийн тоо урвуугаар багасна. Бүр 1 000 000 ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 1 000 000 ам доллар ч зарцуулагдах үе байж болно. Тийм болохоор РОЯЛИТИ нь яаж бодсон их, АШИГ нь яаж эрсдэлд орж болзошгүй тэнгэр газар шиг зөрүүтэй ойлголтууд. Эндээс харахад РОЯЛИТИ, АШИГ хоёрын аль нь АЙМААР ИХ ба БАГА вэ гэдгийг эрхэм уншигч төвөггүй ойлгоно байх.
_
Уул уурхайн бизнесийн менежметийн зардал ашгийн 10 орчим хувьд эргэлддэг нь олон улсад тогтсон зүйл. Менежментийн баг нь тухайн төслийг ашигтай, амжилттай явуулснаар ашгаа хүртэхийн төлөө ажилладаг.Мөн менежментийн зардалд үр дүнгийн шагналын тухай ойлголт байж болдог.Эрүүл орчинд байдал нэг иймэрхүү байхад манай дээрх жишээг ойлгон хүлээн авахад тун боломгүй л харагдаад байгаа юм даа. Энэ мэт олон муу жишээг уул уурхайн салбараас ухаж төнхөж гаргахад ядах зүйлгүйгээр барахгүй өнөөдөр Уул уурхайн салбар хариуцсан Сайд нь энэ бүхнийг цэгцлэх гэж үйлээ үзэж үгээ барж байх шиг...
Ядаж байхад нь энэ Сайдаас л болоод салбар унаж, экспорт нь багасч, эдийн засаг дэнчигнэлээ гэхчлэн улс төр, эдийн засгийн ангуучлалд аль хэдийн өртжээ.
Салбарын Сайд энэ цаг үед салбарын бодлогын баримт бичиг боловсруулах, ашигт малтмалын тухай хуулинд оруулах шинэчлэл, алдаатай зарим гэрээний асуудлыг хөндөх, ломбарданд тавигдсан ордоо чөлөөлөх гээд олон асуудлыг зөв гольдролд нь оруулах гэж үзэж тарж байна.Энэ нь ч зөв.Одоо л энэ бүгдийг зөв замд нь оруулж, эрүүл орчныг нь бүрдүүлэхгүй бол Уул уурхайн салбарын асуудал үнэхээр харамсаад ч барахгүй байдалд орж ёстой нөгөө Баялагийн хараал хүртчих гээд байгааг эрхэм Сайд анзаарсан нь олзуурхууштай.
.
Ийнхүү анзааран ажилласнаар ирээдүйд нээгдэх болон ээлжээ хүлээн буй олон ордуудыг харилцан ашигтай, үндэсний эрх ашгаа хамгаалсан хууль эрхийн хүрээнд, хөрөнгө оруулалт санхүүгийн ил тод орчинд, өндөр технологи хөгжсөн улс орнуудын томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх замыг засч, Монгол улсын эрх ашиг хууль дүрмийг үл хүндэлж, өөрийн дүрмээ тулгагчдын боломж олох нөхцлийг хаах нь дамжиггүй. АРСЛАНТАЙ АВДАРТ маань өөр олон зүйл бий.Авдар тойрсон асуудал ч их байна даа.
.
Геологи инженер Ж. Мэндсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ