Шинэ жилд 300-500 мянган төгрөг зарцуулах нь...
Тун удахгүй шинэ жилийн баяр болно. Монголчуудын маань 1920-оод оны сүүлээс анх шинэ жил тэмдэглэж эхэлсэн түүтэй аж. Энэ цагаасаа л буузыг баярын ширээнийхээ хүндэт зоогоор сонгож, өдгөө ч хэрэглэж байгаа. Энэхүү хүндтэй баярыг ганцхан буузаар төсөөлөхийн аргагүй. Жилээс жилд инфляц тогтворгүй байгаатай холбогдон өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 10 хувиар өсчээ.
Шинэ жилийн баярын ширээн дээр амтат бялуу, оргилуун дарс, төрөл бүрийн салатнаас эхлээд чихэр жимс, бэлэг сэлт гээд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн зонхилдог. Харин эдгээр барааны үнэ тогтмол өсөн нэмэгдэж байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байгаа юм. Зөвхөн баярын ширээ засахад дундаж орлоготой айл өрх 100-150 мянган төгрөг зарцуулдаг байна.
“Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин”, “Хүчит шонхор” зэрэг томоохон хүнсний зах олны хөлд даржээ. Баяр дөхөхөөр нарийн боовны үйлдвэрүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Амтат бялуу орц хэмжээнээсээ хамаараад дээрх захуудад 8-100 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ мөчид айл бүр гацуур модоо чимж , баярын ширээгээ төрөл бүрийн амттанаар дүүргэн, гэр бүлээрээ элбэг хангалуун тэмдэглэхийг хичээдэг. Сүүлийн үед шарсан тоорой авах сонирхолтой хүн олон болсон. Мэдээж баярын өдрийг энгийн өдөртэй харьцуулашгүй сайхан тэмдэглэхийг хичээнэ шүү дээ. Гэтэл шарсан тооройны үнэ тэнгэрт хаджээ. Учир нь “Барс” худалдааны төвд шарсан тоорой жингээсээ хамаарч 250-500 мянган төгрөг, зөвхөн толгой нь 150- 200 мянгад хүрсэн байна. Нийслэл дэх томоохон худалдааны төв, дэлгүүрүүд дэх даашинзны үнэ харилцан адилгүй юм. Үнийн хувьд дундажаар 70.000-400.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Брэндийн даашинзууд мэдээж өндөр үнэтэй. Харин хувцас захиалгын газрууд гоёлын даашинзыг загвараас шалтгаалан 25-80 мянган төгрөгөөр оёдог юм байна.
Хэрэв оёулах боломжгүй гэвэл даашинзны прокатны газруудыг сонгож болно. Үнийн хувьд гоёлын даашинзыг хоногийн 20000-35000 төгрөгөөр түрээслэх боломжтой. Гацууруудын үнэ харилцан адилгүй. Хамгийн хямд гацуурууд “Нарантуул”-д байна. Ширээний жижиг гацуур 3000-20000 төгрөг бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 25000-65000 төгрөг, харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 35000-140,000 төгрөгийн ханштай байв. Гацуур модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 төгрөг бол саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 60-1500 төгрөгийн үнэтэй байна. “Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар энэ жил гацуур, саа, чимэглэл, тоглоомын үнэ бага зэрэг өссөн гэнэ. Мөн цагаан саатай, усан цэнхэр, цайвар ногоон, тод ногоон гэсэн олон төрлийн сонголттой гацуурууд байна лээ. Хамгийн үнэтэй буюу 540,000 төгрөгийн гацуур хоёр метр гаруй өндөртэй, усан цэнхэр гялтганасан өнгөтөй сүрлэг гацуур ч байсан юм.
Гоо сайхны салонууд ачаалал ихтэй байна. “Grease”, “Khurlee” , “Evergood life”, “Matrix”, “Vidal”,” зэрэг салонд гоёлын нүүр будалт 25-60 мянга, гоёлын үс засалт 35-65, маникюр 20-35, пидикюр 25-35 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин жижиг салонуудын нүүр будалтын дундаж үнэ 15-25 мянга, гоёлын үс засалт 15-30, маникюр 10-15, пидикюр 18-20 мянган төгрөгийн ханштай байв. Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэхэд дунджаар нэг айл өрх 300-500 мянган төгрөг зарцуулах аж. Зовлонгоо бусдаар дуудуулж болдог бид жаргахаа хэн нэгнээр заалгахгүй боломжийнхоо хэрээр сайхан баярлах л үлдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ