СЗХ-ны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг шинээр томилов
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Гарамгайбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Ганбат нар танилцуулсан.
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Г.Даваажаргалыг тус зөвлөлийн даргын үүрэгт ажлаас, Д.Цэцэгмаа, Б.Ганбат, Г.Цэцгээ нарыг гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Равсалын Ринчинбазар, гишүүнээр Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам, Агваандоржийн Өнөржаргал, Жадамбаагийн Эрдэнэбилэг нарыг тус тус томилохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ асуудлыг Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороод хэлэлцээд нэр дэвшигчдийг дэмжжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар нар үг хэлсний дараа нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Р.Ринчинбазарыг Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар томилохыг нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 42 нь буюу 82.4 хувь нь, гишүүнээр томилохоор нэр дэвшсэн Б.Амарсанааг 80.4, Д.Цэрэнбадамыг 80.4, А.Өнөржаргалыг 75.0, Ж.Эрдэнэбилэгийг 82.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.
Дараа нь Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Гишүүдийн хүсэлтийн дагуу Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Цолмон нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ц.Оюунбаатарыг Төсвийн, Г.Уянгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Г.Батхүү, Д.Батцогт нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Г.Батхүү, Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Ц.Цолмонг Төсвийн, Д.Батцогтыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, С.Ганбаатарыг Өргөдлийн, Б.Гарамгайбаатар, Г.Уянга нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Энэ асуудалтай холбогдуулан гишүүн Д.Оюунхорол УИХ дарь МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд харьяалагдаж байгааг энэ асуудалтай хамтад нь шийдэж болохгүй юу гэдгийг лавлахад УИХ-ын дарга З.Энхболд УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзаж байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг он гарангуут шийдэх чиглэл өгсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудалтай хамтад нь байнгын хороодын бүрэлдэхүүний асуудлыг нэг мөр шийднэ гэсэн хариулт өглөө. Ингээд Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 31 нь буюу 58.5 хувийн саналаар баталлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ