Иргэд төсвийн зарцуулалтыг хянах боломж бүрдлээ
Энэ жилээс орон нутгийн хөжлийн нэгдсэн сангийн төсвийг иргэдийн оролцоотойгоор зарцуулж буйгаараа онцлогтой. Сангийн яамнаас энэхүү онцлогт тохируулж, иргэдэд энэ талаарх мэдээллийг ил тод болгохын тулд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн системыг нэвтрүүллээ. Энэ тухайгаа өнөөдөр Сангийн яамнаас олон нийтэд мэдээлсэн юм.
Өмнө нь нэг аймагт дунджаар 500 сая-1 тэрбум төгрөг хуваарилж, зурцуулалтад Засгийн газар болон засаг дарга хяналт тавьдаг байв. Харин 2014 онд нэг аймагт дунджаар 8 тэрбум төгрөг хуваарилсан бол энэ мөнгийг зарцуулах шийдвэрийг орон нутгийн иргэд гаргаж буй юм. Харин зарцуулалтад дээрх системээр дамжуулан иргэд олон нийт хяналт тавих боломж бүрджээ. Уг системд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний иж бүрэн мэдээллийн санг бүрдүүлжээ. Тодруулбал, аймаг сум бүрээрээ сангаас зарцуулагдах хөрөнгө оруулалт, хийгдэж буй ажлын явцыг нарийвчлан, сар бүр тухайн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн мэргэжилтэн мэдээллээ оруулах юм байна.
Хэрвээ мэдээллээ сар бүр оруулаагүй тохиолдолд Сангийн яамнаас хөрөнгө оруулалтыг оруулахгүй болохоо мэдэгджээ. Хэрвээ оруулсан мэдээлэл бодит байдлаасаа зөрүүтэй байвал хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах боломжтой талаар Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийнхэн ярьж байв. Аймаг, сумдын оруулсан мэдээллийг нэгдсэн өгөгдлийн санд хадгалах бөгөөд ирэх оны эхний өдрөөс эхэлж ажиллах аж. Жирийн малчид интенэтэд ороод дээрх мэдээлэлтэй танилцах боломжгүй тул сумын засаг даргын тамгын газар уг мэдээллийг хэвлэж, мэдээллийн самбартаа байрлуулах үүргийг өгчээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ