Байнгын хорооны дарга нарыг сонгож баталлаа

img

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар эхлээд Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Өргөдлийн байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.

 

Төрийн байгуулалтын хорооны дарга А.Бакей, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа нарыг улираан ажиллуулах, харин Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны даргаар УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гишүүн Ц.Оюунбаатарын, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ дахь МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гишүүн Д.Батцогтын нэрийг дэвшүүлснийг холбогдох байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан, Д.Дэмбэрэл нар үг хэлсний дараа байнгын хорооны дарга нарыг сонгох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 84-88 хувийн саналаар байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг дэмжлээ. Мөн Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Ц.Цолмонг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын, З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжив.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ