Алслагдсан 76 суманд хүрч үйлчилжээ
ЭМЯ болон Бүгд найрамдах Чех улсын “Пипл Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага хооронд 2011 оны есдүгээр сард байгуулсан санамж бичгийн дагуу “Монгол улсын өмнөд болон баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийг 26 сарын турш хэрэгжүүлжээ.
Энэхүү төслийн хүрээнд 2011-2013 онд Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь гэсэн зургаан аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нийт 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий явуулын эмнэлгийн машин, тоног төхөөрөмжийг тус олон улсын ТББ-аас хандивласан байна. Ингэснээр 26 сарын турш дээрх аймгуудын 76-н алслагдсан сум, багийн 31 мянга гаруй иргэдэд “Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг тогтвортой хүргэсэн аж.
Уг төсөл нь аймгийн төвөөс алслагдсан баг, сумын төвд нарийн мэргэжлийн эмч нар явуулын эмнэлгийн зориулалттай оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжөөр орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр алслагдсан сумдын иргэд төвийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэх хол зам, урт дараалал, ачаалал үүсгэхгүйгээр жилдээ хоёроос дээш удаа нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд орох боломжтой болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ