Галт зэвсэг хууль бусаар худалдаалж байжээ
Энэ оны байдлаар манай улсад нийт 50.000 орчим галт зэвсэг бүртгэлтэй гэсэн албан ёсны тоо бий. Гэхдээ иргэд, аж ахуй нэгжүүдэд хичнээн хэмжээний галт зэвсэг байгааг бүрэн бүртгэж чадахгүй байна. Албан бус судалгаагаар бүртгэлгүй 80.000 орчим галт зэвсэг иргэдийн гар дээр байж болзошгүй талаарх судалгаа гарсан байдаг.
Ингэхдээ манай улсад галт зэвсэг, сум хэрэгсэл зарж борлуулдаг зөвшөөрөлтэй хоёр аж ахуй нэгж байдаг байна. Иргэдийн гар дээр хийн болон резенэн, үрлэн сумтай буу хэр хэмжээгээр хадгалж ашиглаж байгаа талаар бүртгэл судалгаа байхгүй. Дээрээс нь хууль хяналтын байгууллагаас түүнд хэрхэн хяналт тавьж байгаа нь тодорхойгүй, ямар нэгэн эрхзүйн зохицуулалт байхгүйгээс иргэдээс энэ төрлийн зэвсгийг ашиглан дээрэм, булаалт, хүн амины гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь нууц биш.
Галт зэвсгийн хараа хяналт сул байгаа энэ үед галт зэвсэг, сум хэрэгсэл нийтэд худалдаалдаг “Хорсмэн клаб” нэртэй компани нь тусгай зөвшөөрлийнхөө давуу эрхийг ашиглан 2011 оноос хойш хилээр төрийн хяналтан дор лицензтэйгээр оруулж ирэх хийн буу, галт зэвсгүүдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр оруулж ирсэн нь саяхан баригдлаа. Тус компанийнхан хуурамч бичиг баримт бүрдүүлж, бараа бүтээгдэхүүний нэрийг буруу мэдүүлж байжээ. Мөн татварынхан ч гэсэн энэ компанитай холбоотой хууль бус ажиллагааг нь давхар илрүүлсэн байна.
Тухайлбал, Гаалийн Ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас “Хорсмэн клаб” ХХК-ийн 2010-2012 онд МУ-ын хилээр нэвтрүүлсэн барааг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд шалгалтыг хийлгэхэд 2012 онд Эдийн засгийн хөгжлийн яамны олгогдсон лицензээр гаалийн бүрдүүлэлт хийхдээ ангийн бууны дуран гэж нэрийг худал мэдүүлжээ. “Walter P22” маркийн спорт сургалтын буу 20 ширхэгийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн байна. Түүнчлэн 2011 онд “Walter P22” маркийн спорт сургалтын 100 ширхэг бууг Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвшөөрөлгүйгээр хилээр оруулж иржээ. Үйлдвэр худалдааны яамны Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын 2005 онд олгогдсон лицензийг ашиглан гаалийн мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлэн хилээр “Walter P22” маркийн буу 30 ширхэг, “browning 30-06” маркийн буу хоёр ширхэг, “Winchester буу” нэг ширхэгийг тус тус хууль бусаар оруулж ирсэн. Түүнээс гадна 2009 оны 12 дугаар сард БГД-ийн нутаг дэвсгэр “Хорсмен клаб” компани нь “Их ав” ангийн хэрэгслийн дэлгүүрт хууль бусаар ангийн зориулалттай дорвинк маркийн сумыг гар аргаар хийж бэлтгэн их хэмжээгээр зарж борлуулсан байсныг цагдаа нар илрүүлээд байна.
Тиймээс Хууль зүйн яамнаас энэ талаар “Галт зэвсгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ