Нийслэлд шинээр 23 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
Нийслэлд 23 цэцэрлэгээр шинээр нэмэгдлээ. Уг нь хуулиараа жилд нэг удаа цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгодог ч эрэлт хэрэгцээг үндэслэж энэ жил гурван удаагийн 152 хүсэлтээс 85 цэцэрлэг, 4 сургуульд тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 4172-оор буюу 5.6 хувиар, Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог 970-аар буюу 0.5 хувиар нэмэгдэж байгаа юм. Энэ удаа шинжээчийн ажлын хэсэг 2013.X.28-XI.15-ны хооронд хүсэлт ирүүлсэн 30 цэцэрлэг, 2 сургуулийн материалд болон бодит байдалтай танилцан дүгнэлт гарган 23 цэцэрлэг, нэг сургуульд “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл” олгохоор шийдвэрлэсэн байна. Шинжээчийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг дарга “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1126, “Сургууль байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1127 тоот захирамж гаргажээ.
Захирамж гарсантай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана болон холбогдох албаныхан шинээр цэцэрлэг байгуулж буй цэцэрлэгийн эрхлэгч нарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг гардуулсан байна. Өнөөдөр тусгай зөвшөөрлөө авсан 23 цэцэрлэгийн 56 бүлэгт 975 хүүхэд хамрагдсанаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэг хувиар өсөх нөхцөлийг бүрдүүлж байгаагаас гадна 181 ажлын байр шинээр нэмэгдэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ