Парламентын араншин
Парламентын нэг ангийнхан бүрэн эрхийн хугацааныхаа хоёр дахь жилийг үдэж байна. Тэд ажлын гарааны жилдээ ажил хөдөлмөрийн өндөр бүтээлээс гадна адал явдал дүүрэн үдлээ. Ингээд нэг ангийнхны хөгтэй, хөгжилтэй, эгдүү хүрмээр элдэв араншингаас сонирхуулъя.
бы
“Хуруу” З.Энхболд
УИХ-ын дарга З.Энхболд хуралдаандаа цагтаа ирдэггүй дэггүй гишүүдээ цаг барьж сургах гэж өөрийнхөө чадлаар мэрийж л байна. Тэрбээр гишүүдийн цагийг бүртгэж, хуралд нь суулгах мэргэн санаагаа хэрэгжүүлж эхэлсэн нь МАН-ын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулав. Гишүүд чуулганы танхимд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгөхөөр болж, автомат тоног төхөөрөмж суурилуулсан байв. Хурууны хээгээр санал өгөх тоног төхөөрөмжийг алдаа заасан, эвдрэлтэй, дээр нь энэ талаарх хуулийг батлаагүй гэх үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж, ТЕГ-ыг дуудаж шалгуулаад амжсан. Гишүүд ч хурууны хээгээр ирцээ бүртгүүлэхээсээ ичиж байгаагаа дуулгасан. Ийнхүү маргаан дэгдээсэн учир уг төхөөрөмжийг ямартай ч он гартал ашиглахыг хойшлуулсан бололтой.
б
Будааг тансаг хэрэглээнд багтааж, Бурхан Халдунд төөрсөн будилуу сайд
Энэ оны төсөв их наядаараа тасалдаж, валютын ханш өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, эдийн засаг сульдаж, иргэд цалин, тэтгэврээ нэмэхийг шаардаж байгаа. Эдийн засгийг сульдаасан үндэслэлээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах гэж удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлээд ч парламент дахь “хүний олон” Засгаа авч үлдэн, цөөнхөд хүч дутсан. Иргэд Ерөнхий сайдыг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна, өндөр хүртэл хэд дахин нэмэгдээд хэмээн учирласан “будаа үнэтэй байгаа бол гурилаа ид. Өндөг бол тансаг хэрэглээ ш дээ. Өндгийг үнэ нэмэгдсэнд тооцохгүй” хэмээн хэдэрлэв. Ирэх оноос гурил, талх ч тансаг хэрэглээний сагсанд шилжихэд ойрхон байна даа. Аягүй бол “талх тансаг хэрэглээ ш дээ. Мантуу ид” гээд хэлээд сууж байж мэдэх л нөхөр шүү, манай Ерөнхий сайд. Үүгээр асуудал дууссангүй. Цаг наргүй ажиллаж байдаг Ерөнхий сайд маань алжаалаа тайлж, хийморио сэргээж, басхүү хайрхан ууланд хүсэлтээ шивнэхээр Бурхан Халдуныг зориод төөрч, будилж, арайтай л амиа алдчихсангүй. Онцгой байдлынхныг сандаргаад авлаа. Их эзэн Чингис хааны тахилгат хайрхан Бурхан Халдунд энэ цагийн Ерөнхий сайд төөрч осолдох нь наанадаж эр хүний хийморьт, цаанадаж Монголын нэр төрд сэвтэй юм даа, жаахан хийморьтой бай л даа, Ерөнхий сайд аа.
ы
Баян хүнийг балаг тойрохгүй
“Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо” оффшор буюу гадаадад компани байгуулж, түүнийхээ нэрээр нууц хадгаламжиндаа их хэмжээний мөнгө хадгалж буй баячуудын дансны мэдээллийг дэлгэсэн нь дэлхийн нийтийг цочроосон билээ. Тэдний тодотор манай нэрт эдийн засагч, улстөрч С.Баярцогтын талаарх мэдээлэл дурайтал гараад ирэв. Гэхдээ энэ нь тоон дотор үсэг цохиж явсан юм бус. Нэг сая ам доллар бүхий дансыг эрхэм гишүүн С.Баярцогт Швейцарийн банкин нууцалжээ. Ийнхүү данс нь илчлэгдсэн тул тэрбээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас өгч, сул гишүүний үүрэг гүйцэтгэн парламентад нэг хэсэгтээ ам.гүмхэн явж байснаа ирэх оны төсвийг хэлэлэх үед л сая нэг дуу орж эхэлсэн дээ.
б
Үнэд хүрсэн суудал
Эрхэм гишүүн Р.Амаржаргал эрх баригчдын өмнөөс хариуцлага хүлээж, УИХ-ын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөхөөр улс төрчийн эр зориг гарган хүсэлт тавьсан нь олон нийтийн талархлыг хүлээв. Харин түүний энэ үйлдэл ард түмэнд нэг ч гэсэн улс орноо бодсон төрийн хар хүн байдаг юм байна гэсэн итгэлийг төрүүлсэн бол АН-д айдас хуруулав. Парламентад олон суудал авсан ч олонхи болж чадалгүй, хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байгаа АН-ын хувьд нэг суудал хичнээн үнэ цэнэтэй байгаа билээ. Ялангуяа Р.Амаржаргал гишүүн бол жагсаалтаар шургаад орж ирээгүй, тойргоос сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдсон эрхэм. Хэрвээ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж аваад, нөхөн сонгууль явуулахаар болбол АН энэ удаад ялагдал хүлээж, сөрөг хүчинд нэг суудал шилжинэ. Учир нь эдийн засаг сульдаж, валютын ханш өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн энэ үед иргэд эрх баригчдад итгэх итгэл алдарсан байгаа. Тиймээс нөхөн сонгууль АН-д амжилт авчрахгүй. Энэ тооцоог урьдчилан харж, мэдэхийн дээдээр мэдэж байгаа эрх баригчид Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хүлээж авсангүй. Олонхиороо авч үлдэхээр болж, магтаал, дулдуйдалтыг түүнд харамгүй хэлэв. Гэвч журмын нөхдийнхөө бал бурам шиг магтаалд эрхэм гишүүн уярсангүй, эрх баригчид ч нэг суудлаа сул хаясангүй. Энэ удаад ч ингээд нэг суудлынхаа төлөө журмын нөхрийнхөө хүсэлтэд хазаар тавьж чадлаа. Ирэх жилүүдэд Р.Амаржаргал гишүүнтэй нэг намд хэрхэн багталцана даа, АН-ынхан.
бө
Ялагдлаас ялалтад тэмүүлсэн МАН-ын дарга
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Намын даргын хийгээд Ерөнхий сайдын албан тушаалаа журмын нөхдийн хорчин бодлогод найрагдан, тахимаа өгч байсан цаг М.Энхболдын хувьд саяхан. Харин энэ жил УИХ-ын дэд дарга М.Энхболдын хувьд амьдралын хатуухан шалгуур дундуур туучиж явна. Түүнийг МАН-ын XVII их хурлын төлөөлөгчид намын даргаараа сонгосон. Гэхдээ түүнийг энэ албан тушаалд томилогдохтой зэрэгцээд аав нь тэнгэрт хальсан гашуун мэдээ давхацсан. Харин энэ бүхэнд МАН-ын дарга М.Энхболд гуньж, гутралгүй эр хүний хат зааж, улс төрийн ууган хүчний лидерийн ухаан зарж явна. Хүчтэй сөрөг хүчин байж ирэх сонгуульд ялалт байгуулахын төлөө намын гишүүд, иргэдтэй долоо хоног бүр нээлттэй уулзалт хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлэх гээд сонгуулийн ажилдаа шууд л бэлтгээд эхэллээ, МАН-ын дарга.
ах
“Дайсан”-ы талын хүн
Ж.Батзандан гишүүний хувьд ангийнхандаа тун халгаатай байлаа. Гадаад нөхөр, эхнэртэй төрийн өндөр албан хаагчдыг мэдээллийг ҮАБЗ-д мэдэгдэнэ гэсэн түүний хуулийн төслийг ангийнхан нь тийм ч таатай хүлээж авсангүй. Үүнд цухалдсан тэрбээр “гадаад нөхөртэй хүнийг соёлын сайдаар томилж, өв соёлоо хамгуулуулна гэж байхгүй” хэмээн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү үг чулуудав. Басхүү оффшор дансыг нээлттэй болгох хуулийн төсөл өргөн барьж мөн л дэмжлэг авалгүй буцаав. Асуудал үүгээр дууссангүй өөрийн төрсөн ах Ж.Батсүрэнгээ компьютер татваргүй оруулж ирсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцон ажлаас ч чөлөөлөхийг ТӨХ-д албан бичиг хүргүүлж, төрөл садны тангараг таслах шахав. Эрхэм гишүүний ах дүүгийнхээ элдэв үйлдлийг харин тоож авч хэлэлцээгүй сураг сонсогдоно лээ. Батзандан гишүүнийг бодвол зөөлөн талдаа хүн бололтой. Гэхдээ л гэр бүлд энэ асуудлыг дуугүй өнгөрөөнө гэж байхгүй. Наанадаж гэргий нь “чиний төрсөн дүү манай гэр бүлийг хоолноос минь салгаж гэж байна. Ахыгаа ажилгүй болгочихоод өөрөө тэжээх юм байх даа тэр” гэж үглэсэн байж таарна. Улстөрч байна гэж, харгис тоглоом юм даа.
өа
Гэнэт баяжигч цээж өвчтэй
Эмэгтэйчүүд зүүсгэл гоёлоороо бие биедээ гайхуулдаг. Эрчүүд бол морь, машинаараа бие биетэйгээ уралддаг. Харин улстөрч эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдтэй энэ зэрэгцдэг бололтой. Парламентын шинэхэн гишүүн Л.Эрдэнэчимэг цахим хуудсаар шинэ авсан бенз-500-гаа гайхуулж, олны эгдүүг хүргэв. Монголд ганц байгаа хэмээн машиныхаа зургийг жиргээчдэд харуулан гайхуулж байсан хатагтай машиныхаа бүх л давуу талыг бичих шиг болов. Тэрбээр #benz хэмээх тодотголоор “Донсолгоо гаргадаг ухаалаг системтэй”, “100 хувь лед гэрэлтэй” гэх мэтээр бичсэн нь хүмүүсийг хэд хэд талцуулахад хүрчээ. “Монос” группийн захирал хүн “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй” гэх нэгэн байхад “Юм үзээгүй хүний зан” гэлцэх нь ч байна. “Гэнэт баяжигч цээж өвчтэй” гэдэг шиг шинэхэн парламентч унаагаараа гайхуулсан нь жиргээчдийн үгийг хурцлав.
ах
“Хүүхэн” С.Дэмбэрэл
Хүний сурсан, суурь зан хаана ч явсан дагалдах юм даа. Улаан хөлтийг урдуураа гаргадаггүйгээрээ алдартай “танхим”-ын С.Дэмбэрэл гишүүн энэ зангаа төрийн хар хүн болоод ч гээсэнгүй. Чуулганы танхимд тун гунигтай байгаад нь санаа тавьсан Л.Энх-Амгалан гишүүний жиргээний хариунд “Ойрд хүүхэндээгүй, өөрөөр хэлбэл эмэгтэй хүнтэй унтаагүйн шинж” гэж нээлттэй хариулж, намбагүй загнав. Гэвч тэрбээр энэ үгэндээ гэмшихгүйгээр үл барам хүний ёс хэмээн хэдэрлэж байгаа сурагтай. Цаг наргүй төрийн ажил түүний “үндсэн” ажлыг хийлгэхгүй бухимдуулж байгаа бололтой.
яч
Бөхийн дэвжээнээс парламент хүртэлх “мэх”
УИХ-ын 26 дугаар тойргийн дахин санал хураалтаар ялалт байгуулж, Д.Сумъяабазарын аварга парламентч боллоо. Ийнхүү энэ удаагийн парламентын зүүн жигүүрээс хоёр дахь аварга төрөн гарч байна. Тэгвэл шинэхэн улстөрч Д.Сумъяабазарт аваргаас сурах “мэх” ч их биз ээ.
өа
Н.Энхлэн
аө
Ө.Энхтүвшин махны үнийг “1200”-д хүргэв
Дөрөвдүгээр сарын 5-нд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр, Б.Бат-эрдэнэ, О.Содбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүд үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн жагсаал хийсэн. 20-иод жил эрх баригч намын байр сууринаас асуудалд хандаж ирсэн МАН-ынхан “шүгэл”-тэй жагсаалыг “Эрх баригчдад амлалтыг нь сануулж, Шудрага ёсыг шаардах цуглаан” хэмээн нэрлэсэн байв. МАН-ын дарга Ө.Энхтүвшин энэ үеэр “Би саяхан ард түмний амьдрал ямар байгааг мэдэхээр өөрийн биеэр зах дээр очиж үзлээ. Хүнсний зах дээр махны үнэ тэнгэрт хадаж байна. Арга ядсан зарим нь хамгийн хямд үнэтэй гэгдэх малын гэдэс дотор худалдан авч байна. Атгахан гялгар уутан дотор элэг, бөөр, зүрх, сэмж, уушиг зэргээс бүтсэн дотор мах худалдан авч байна. Үүнийгээ “набор” гэж нэрлэдэг юм байна. Наранцэцэгийн тосыг саваар нь биш граммаар нь авахыг харлаа. Үнэхээр ард түмний амьдрал хүнд байна. Өнөөдөр хүнсний зах дээр нэг кг үхрийн мах 1200 төгрөг байна” гэв. Түүний үхрийн махны үнийг 1200 төгрөг хэмээн “хэл хальтирсан”. Хэл хальтрахаас илүүтэй өнгөрсөн цаг хугацаанд, ялангуяа эрх барьж явахдаа ард түмнээ тоож, амьдралыг судалж явахгүй яагаа вэ, дөнгөж төрсөн хүүхэд мэт юу ч мэдээгүй явснаа гайхширсан нь эмгэнэлтэй үйлдэл байв. Цуглаан дуусч МАН-ын удирдлагууд, УИХ дахь бүлгийн гишүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, Засгийн газрын ордныг гороолсон. Өмнө нь МАН эрх барьж байх үед ТББ-ууд, ард түмний төлөөлөл болсон эгэл даруу иргэд “амьдрал хэцүү байна, юмны үнэ өсөж байна, байгаль орчин сүйдэж байна” хэмээн жагсдаг байв. Харин МАН-ын гишүүдийг харахад үнэтэй брэндээр гоёсон, ард түмний амьдралыг мэддэг төрийн түшээд гэхээсээ аргаа барахдаа аавынхаа толгойг маажив гэдэг шиг үг, үйлдэл нь зөрсөн жагсаал гэмээр байсан даа.
чё
Шинэ жилийг улстөржүүлсэн бүлгийн дарга
С.Бямбацогт бүлгийн шинэ даргаар сонгогдсон даруйд МАН-ын дарга М.Энхболдтой хамтран Засгийн газрын хоёр сайдыг огцруулах хуулийн төслийг санаачилсан. Тэдний хуулийн төсөл намын бүлгүүд байнгны хороолд, УИХ чуулганаар дэмжигдээгүй. Тэрээр улс орны амьдрал хэцүүдэж, нийгэм эдийн үасагийн байдал өдрөөс өдөрт дордож байгааг үүдэндээ зассан сүлд модоор илэрхийлэв. Хүүхэд багачуудын хүслээ дайдаг сүлд модыг өрөөнийхөө үүдэнд зассан тэрээр ногоон гацуурыг бараа бүтээгдэхүүний үнэ бичсэн цаасан чимэглэлээр гоёв. Энэ оны долдугаар сарын болон өнгөрөгч арваннэгдүгээр сарын үнэтэй харьцуулсаныг хадсан зургаар чимэглэсэн уг модоо тэрээр "Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны “бэлэг” юм" хэмээн тайлбарлаж байгаа. Харин тэгтэл Төрийн гурван өндөрлөг, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд өвлийн өвгөнөөр захиас хүргүүлж, шинэ жилийг улстөржүүллээ.
бө
“Чихэр нураадаг” З.Баянсэлэнгэ
УИХ-ын түүхэнд хамгийн олон буюу 11 бүсгүй парламентад сонгогдон ажиллаж байна. Тэдний нэг нь З.Баянсэлэнгэ. Ордоны гадна жагсаж, тэмцэл хийж, МАХН-ын дарга Н.Энхбаярт үнэнч гэтгээ батлан харуулж, жагсаж, тэмцэж, өлсөж үзсэн тэрээр нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон түүнийн “Азтай” нэгэн хэмээн түүний талаар ярьдаг нь нууц биш. Парламентын “чимэг”, 11 өөр өнгө төрхийн нэг болсон З.Баянсэлэнгэ “фэйсбүүк”-чдийн тоглодог “Candy Crush Pad” тоглоомд донтсон бололтой. Ажлынхаа цагийг умартан нэлээн хичээж тоглож байгаа харагдана. Түмэн олныг төлөөлөн УИХ-ыд сууж буй гишүүд ард түмнийхээ төлөө хэмээн ам уралдан ярьдаг ч хачир дээрээ тэдний төлөө өчүүхэн ч атугай санаа чилээдгүйн нэгэн жишээ энэ биз ээ. Чуулганы хуралдааны танхимд хариуцлагатай сууж, бие биенийхээ болон засгийн газар, ерөнхийлөгчийн тамгийн газраас санаачилсан хуулийн төсөл, хууль өөрчлөлт оруулах төслүүдийг судалж, ард түмний эрх ашигт хэр нийцэх, улс орны хөгжилд ямар түлхэж болохыг тунгаан бодож суухын оронд тоглож суув. Энэ бол мэдээж хариуцлагаггүй үйлдэл. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн чуулганы хуралдааны үеэр Candy Crush хэмээх тоглоомыг тоглоод сууж байгаа зураг олон хүний эгдүүцлийг төрүүлсэн. Татвар төлөгчдийн мөнгөөр хамаг хэрэгцээгээ хангуулаад сууж байгаа хүн энэ маягаар асуудалд хайнга хандаж, цаг нөхцөөсөн байдалтай сууна. УИХ-ын дарга нь үүнийг анзаарч, ямар нэгэн арга хэмжээ авч, түүнийгээ сонгогч түмэнд хэлэх биз ээ.
ы
Ё.Отгонбаярын “хөрөнгө” илрэв
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг эзгүйд нь эхнэрийг нь сүр бадруулан баривчилсан дуулиан дэгдэж, эрхэм гишүүн “Хөдөө явж байна. Юу болсныг очиж байж мэднэ. Ямар ч мөнгө төгрөгний асуудалд орооцолдоогүй шүү” хэмээн Твиттэрээр жиргэж байв. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нь Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болох нь илэрсэн. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг хадгалсан, шилжүүлсэн, тэр ч байтугай “мөнгө угаасан” байж болзошгүй гэх ноцтой хэргийг түүнд тулгасан юм. Санаанд багтамгүй энэ их хэмжээний мөнгөний асуудал эр нөхрийнх нь эрх чөлөө, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нь халгаатай болж хувирав. Ё.Отгонбаяр гишүүн хотод ирээд “Эхнэрийг минь буруутгаж байгаа учир шалтгааныг мэдэхгүй байна. Оронд нь намайг хорь” гэж хүссэн. Гэвч үүнээс хойш сар гаруйхны хугацаа өнгөрөхөд огт тийм үйл явдал болоогүй мэт нам гүм болоод байна. Харин эрхэм гишүүний эхнэрийн данснуудад байгаа мөнгө хаанаас бий болов гэсэн хардлага үлдсэн тул тэрээр олон дансныхаа учрыг “аятайхан” тайлбарлаж бйасан ч БНХАУ-ын “ZTE” компанитай ямар холбоотой гэх нэгэн ч байлаа. Тус компанитай зөвхөн Ё.Отгонбаяр ч бус түүний фракцийнхан холбоотой байсныг мэдэх хүн цөөнгүй. Энэ талаар нотлох баримт ч амархан олддог. Гэтэл яагаад “Ё.Отгонбаяраас бусад нь” шалгагдахгүй байгаа нь сонин. Тэгээд ч яг тэр фракцийнхныг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас “арчих” тухай “операци” зохион байгуулагдаад байгааг харахад шинэчлэлийн шуурганд хамгийн түрүүнд “Ё.Отгонбаяр ба түүний найзууд” өртөх цаг ирсэн бололтой гэж байв. Гэвч сүр дуулиантай хэргүүд чив чимээгүй дарагддаг жишгээр эрхэм гишүүн болон эхнэртэй нь холбоотой хэрэг нам гүм болсон юм.
ы
“Но”-той Н.Номтойбаяр
Намрын чуулганы нээлттэй давхцаад дуулиан дагуулсан асуудал бол Н.Номтойбаяр гишүүний хутга мэсний хэрэг байв. Цагдаагийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, эрхэм гишүүнээс гарамгүй авирыг гаргасан этгээд Н.Номтойбаяр гэдгийг хэлсэн. Гэвч энэ асуудлыг үгүйсгэж, өөрийгөө хохирогч хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байв. Харамсалтай нь ямар ч үнэмшилгүй зүйл ярьж, хэвлэлийнхнийг хуурахыг оролдсон түүний оролдлого амжилт ололгүй, эцэстээ арга мухардаж, хурлаа дуусгалгүй гарч одсон. Эрхэм гишүүний өөрийгөө өмөөрөх гэсэн хэвлэлийн хурал нь бүтэл муутайхан болж, түүнийг хүн хутгалаагүй, өөрөө хохирсон. Нэр холбогдоод байгаа “Мунзүй” хочит Г.Нямдорж бол 10 гаруй жил орон шоронгоор явсан яахаас ч буцахгүй этгээд хэмээн мэдэгдэж байсан. Энэ маргааны талаар баттай мэдээлэл гэвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт цагдаагийн байгууллагаас танхайрсан гэж үзэн хэрэг үүсгэсэн. Харин “Мунзүй” хочит Г.Нямдорж “Миний тухай янз бүрийн мэдээлэл их гарч байна. Бааранд тэр орой хутга шөвөгний асуудал гарах нь гарсан. Н.Номтойбаярын ярьж буй шиг би хутга шөвөг бариагүй л дээ. Тэр өөрөө л хутга барьж сүржигнэсэн шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг бий шүү дээ. Н.Номтойбаяр өөрөө л эхэлсэн” гэжээ. Муу үйлдэлтэй, муугаар амьдарч ирсэн хүнээс ямар ч үйлдэл гарахыг үгүйсгэх аргагүй, Харин хэрэг үйлдсэн, эс үйлдсэн нь тодорхойлогдоогүй ч болж буй үйл явдалд нэр холбогдож, Монгол төрийн түшээгийн нэр хүндэд сэв суулгаж, үүгээрээ Монгол төрийн уруу дорой байдлыг тодотгож өгсөн хүн бол Н.Номтойбаяр. Төр түшиж, түшилцэж асан эрхмүүдийн ухамсрын доройтол ийм хурцаар илэрч, хэл амаараа бус салаавчаар ойлголцож, жагсагч тэмцэгчид нь буу шийдэм агсаж, гаж жишгийг тогтоож байхад Н.Номтойбаярын асуудал ч “но”-той байж болох л юм.
б
Увсын хоёрын суудал “ганхав”
Намрын чуулган нээлттэй давхцан Ардын намын “нялх” гишүүн Н.Номтойбаярын хутга мэсний асуудалтэй зэрэгцэн хоёр дахь парламентын нүүр үзэж буй Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын суудал “ганхав”. Юу гэвэл УИХ-ын сонгуулиар тэдэнтэй Увсад өрсөлдсөн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар заргаа авсан болохоо зарлаж, СЕХ шийдвэр гаргавал парламентад ороход бэлэн болсноо мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн Увс аймгийн сонгогчид сонголтоо луйвардуулчихлаа, гишүүдээс авсан нэг сая төгрөгөө эргүүлэн өгнө хэмээн баруун хязгаараас зардал чирэгдэл болон ирж байв. Тэд Төрийн ордоны гадна цуглаж, ҮАБЗ-д шаардлагаа хүргүүлж, иргэдэд мөнгө тараасан хэрэг нь батлагдчихсан Увсын хоёрыг эгүүлэн татах ёстой гэж байлаа. Тэд мөнгөний төлөө, дахин мөнгө авах гэж байна хэмээн хардлагад өрсөн учраас ийнхүү өгсөн мөнгийг нь буцаан өгч, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар нэгдсэн гэж байв. Гэвч тэдний сонголтоо луйвардуулсан гэх асуудал удалгүй нам гүм болж харин Ардын намынхан Улсын дээд шүүхэд гомдол гаргав. Улсын дээд шүүх Д.Нямхүү нарын дэлгэсэн баримттай танилцаад тэдний хүсэлтийг хангах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш маргаантай байсан уг хэрэг ийнхүү нэг тийш болж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүнийхээ суудалдаа үлдэхээр болсон юм.
б
“Батаар” Ц.Оюунгэрэл
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл бүтэн жилийн турш “Тринозаурус Батаар” гэж хашгирсаны үр дүн гарч өнгөрөгч тавдугаар сард үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас сүр дуулиантайгаар авч ирж чадсан.Өөрийн бүхий л хүч, сэтгэлээ энэхүү үлэг гүрвэлд зориулсан тэрээр хэдэн сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн яснууд ээлж дараалан эх орондоо зочлон олны нүдийг оройд нь гартал нөгөө “од” гээч нь болж амжив. Айл бүр хоймортоо үлэг гүрвэлийн зургийг тахих нь холгүй байсан ч үнэ төлбөртэй үзүүлж эхэлснээр улсын төсөв 120 гаруй сай төгрөг “нийлүүлсэн” бол Дархан хотод өвөлжиж буй үлэг гүрвэлийн яс маань түүнээс ч дутахгүй мөнгө хуримтлуулж байгаа гэсэн шүү. Харин Соёл спорт, аялал жуулчлалын яамны урдаа барьдаг ганц нүүр царай нь гайхал араг яс болж хувирсан гэж болно. Салбарын сайд Ц.Оюунгэрэл ч “Батаар” хэмээх цолоор өөрийн намтрын хуудсаа амжилттай зузаатгасан юм.
б
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ