Монголын тусгаар тогтнол Нью-Йорк таймс сонинд
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан нь дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхааралд өртөж, томоохон улс гүрнүүд цаашид байдал хэрхэн өрнөхийг ажиглан, өөр өөрийнхөөрөө дүгнэж байжээ. Нью-Йорк таймс сонинд, Монгол Улс тусгаар тогтнолоо зарлахаас бүтэн өдрийн өмнө буюу 12 сарын 28-ний өдөр энэ тухай мэдээ хэвлэгдэж байсан аж. Шөнийн 2 цаг 26 минутад Бээжингээс ирсэн гэх уг мэдээг Нью-Йорк таймс нийтлэхдээ бүс нутгийн асуудал буюу Орос, Япон, Туркестаны байдалтай холбон дүгнэхийг оролдсон байна. Уг мэдээ нь тийм том биш боловч гарчиг, хөмсөг, эшлэл үгс нь нэн сүртэй, сонины тус дугаарын хамгийн чухал мэдээ болох нь харагдаж байна.
6
Бээжин. Пүрэв гараг. 12 сарын 28. шөнийн 02 цаг 26 минут
Хятадтай газар нутгийн хувьд бараг адил хэмжээний Монгол маргааш тусгаар тогтнолоо зарлах гэж буй бөгөөд үүнтэй зэрэгцээд Хятадаас Туркестаны өргөн уудам харьяат нутаг нь салж байна. Аль аль нь Оросын нөлөөн дор салан тогтнох ба үнэн хэрэгтээ Оросын протекторат (ивээл, хамгаалал доорх улс) болох юм. Орос тэднийг өөртөө нэгтгэхэд хэзээд бэлэн болж байгаа хэрэг.
Их хаан (Богд) Монгол Улсын Эзэн хаанаар өргөмжлөгдөнө. Орос улсын Хятадаас удтал зөвшөөрөл эрэлхийлж асан Транс-Монголын төмөр замын бүтээн байгуулалт тэгэхээр одоо цаг хугацааны л асуудал болж байгаа бөгөөд энэ нь Европ Бээжин рүү гурваас дөрвөн хоногоор илүү ойртох болно гэсэн үг.
Оросын нөлөө Манжуур дахь Японы мэдлийн хэсэгтэй эгзэгтэйгээр шууд хиллэх болж байна. Японы эвсэл ашиг сонирхлоо хадгалахаар эрт орой, нэгэн цагт хөдлөх нь тодорхой. Оросын Засгийн газар нь биш юм аа гэхэд офицер, албан тушаалтнууд нь Монгол дахь энэ үйл явдалд нөлөөлсөн байх учиртай.
Нью-Йорк Таймс сонин
Орчуулсан: М.Саруул-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ