“МЦХ” ХК алдагдалд орж, шалгалтад бүдэрчээ
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай, нийт хувьцааны 54,67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40,0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын “Кореа Телеком” корпораци, 5,33 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын иргэд, байгууллага, холбоочид эзэмшиж байна. Тус компанийн үндсэн үйлчилгээний үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал олон улсын ярианы минут 12 хувиар, суурин утасны үйлчилгээний шинэ тавилт, интернэт үйлчилгээний цэгийн тоо, кабелийн телевизийн хэрэглэгчийн шинэ холболт буурч, кабел таслалт нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчийн тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа нь орлогод шууд нөлөөлж байна. Үндсэн үйлчилгээний үзүүлэлтүүдийн бууралтыг авч үзвэл хэрэглэгчид өрсөлдөгч компаниудын дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг ихээр сонгох болсон, мөн тус компанид технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт дутагдалтай байдлаас шалтгаалж байгаа аж.
а
“Монголын цахилгаан холбоо” ХК нь 2012 онд 286.1 сая төгрөгийн үндсэн бус үйл ажиллагааны ашигтай ажиллаж, ашгийн төлөвлөгөөг 36.7 хувиар буюу 179.9 сая төгрөгөөр тасалдуулсан, 2013 оны эхний хагас жилд 538.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн төлөвлөгөөг 120,4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
а
Харин энэ удаагийн шалгалтаар зарим зардал их хэмжээгээр хэтэрсэн, худалдан авах ажиллагаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг мөрдөж ажиллаагүй, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчин байгууллага хоорондын тооцоогоор баталгаажаагүй. Авлагыг тайлан тэнцэлд тусгасан, төсөвт төлөх төлбөр, хураамжийг бүрэн тооцож төсөвт төвлөрүүлээгүй, хөрөнгө мөнгийг үргүй, зориулалт бусаар зарцуулсан, томилолтоор ажилласан хоногийг буруу тооцон томилолтын зардал илүү олгосон. Компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг дутуу суутгасан, зохих урамшууллыг олгоогүй, цалингийн хоногийг буруу тооцсон, гэрээний үнийн дүнгээс илүү мөнгө шилжүүлсэн, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлд тусгасан зэрэг зөрчил илэрсэн байна.
аааа Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ