О.Баасанхүү “сэтгүүлч” болов
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч дуусаад уулзалтыг өндөрлүүлэв. Гэтэл сэтгүүлчдийн суудал дундаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайдаа, Төрийн ордны баруун талд байгаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн асуудлаар олон удаа хандаж, шаардлага хүргүүлсэн. Гэтэл нэг ч удаа хариулт өгсөнгүй. Ганцхан би яриад байгаа асуудал биш. Ерөнхий сайдаа та гар утасныхаа дугаарыг нээлттэй зарлах хэрэгтэй байна. Тэгвэл таны утас руу миний яриад байгаа асуудлаар, эмнэлгийн барилгыг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн 138 мянган иргэн мессэж илгээнэ” гэв.
Ерөнхий сайд хариуд нь “Миний утсыг олон нийтэд нээлттэй зарлаж яах гээв ээ. Уг надад дугаараа зарлачихад ч болохгүй юм байхгүй л дээ. Дугаараа өгөх үедээ өгдөг. Гэхдээ халдашгүй дархан эрх гэдэг утгаараа олон нийтэд нээлттэй зарлаж болохгүй гэдгийг Төрийн тусгай хамгаалалтын газраас хориглосон байна. Би таны асуултад бүлгийн хуралд нь сууж өгсөн дөө. Бид хоёрын хувьд санал нийлсэн нэг асуудал бий. Юу гэвэл хоёр эмнэлгийг нэгтгэж, Батлан хамгаалахын эмнэлэгт хариуцуулсан нь их зөв гэж үзсэн тийм үү, гишүүн ээ. Харин ордны баруун талд байгаа эмнэлгийн барилгыг зориулалтаар нь үлдээх эсэхийг судалж үзье гэж хариулсан санагдана. Заавал энд ингэж асуух шаардлага байсан юм уу. Эмнэлэг хэрэгтэй нь үнэн. Гэхдээ хотын төвд, дээр нь автомашины зогсоол энэ тэр нь асуудалтай бий. Ямар ч байсан судална гэдгээ мэдэгдсэн дээ” хэмээн хариулт өгөв.
Ямартаа ч ,О.Баасанхүү гишүүн өмнө нь эмнэлгийн барилгын асуудлаар тууштай тэмцэл өрнүүлнэ хэмээн мэдэгдэж байснаа батлан Ерөнхий сайдаас асуулт асууж, муугүй “сэтгүүлч” болохоо мөн баталлаа.
Н.Нацагхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ