Дөрвөн ихрийн аав магистрантурт үнэгүй суралцах эрхтэй болов
Хууль сахиулахын их сургуулийг төгсөгч жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг, дөрвөн ихэр хүүхдийн аав, цагдаагийн дэслэгч М.Баттулга нарт их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон их сургуулийн удирдлагууд магистрантурт үнэ төлбөргүй элсэн суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.
Тэд МУГТ М.Уранцэцэгийн магистрантурт элсэн суралцах эрхийн бичгийг жүдо бөхийн холбоонд очиж албан ёсоор гардуулсан юм. Харин Их сургуулийн 2013 оны төгсөгч, шинэ оны өмнөхөн дөрвөн ихэр хүүхдийн аав болсон цагдаагийн дэслэгч М.Баттулгын магистрантурт суралцах эрхийн бичгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж гардуулсан.
Энэ үеэр их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис “Их сургууль маань төгсөгчдийнхөө амжилт бүтээл дээр оршин тогтнож байдаг. Тэр ч утгаараа манай төгсөгч МУГТ М.Уранцэцэг Монгол Улсдаа анхны эмэгтэй жүдогийн аварга болж, оны шилдэг тамирчнаар тодорлоо. Цаашид улсынхаа болон их сургуулийнхаа нэрийг улам өндөрт гаргаж явахыг хүсье. Харин дөрвөн ихэр хүүхдийн аав болсон М.Баттулга Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмэр орууллаа. Ийм учраас их сургуулийн захирлын зөвлөл өнгөрсөн оны хамгийн сүүлийн хуралдаанаар магистрантурт элсэн суралцах эрхийн бичгээр шагнах шийдвэр гаргасан. Ингэснээр өрх гэрээ авч явах, цаашид цагдаагийн байгууллагад дэвшиж ажиллахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ