Төрийн гурван өндөрлөг Куба улсад баярын захидал илгээжээ

img

Өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын 55 жилийн ойн баярын өдөр. Ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн дээд албан тушаалтнуудад баярын захидал илгээжээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд Нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро Русд дээд, өндөр түвшины баярын захидал илгээсэн байна.

Уг захидалдаа Куба Улсад 55 жилийн тэртээ ялсан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Монгол Улс талархан хүлээн авч, дипломат харилцаа тогтоож, тэр цагаас хойш хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурдсан бол УИХ-ын дарга  З.Энхболд Куба Улсын Үндэсний Ассамблейн дарга Эставан Лазо Эрнандезд хандан энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол, Кубын Парламент хоорондын уламжлалт найрсаг харилцааг цаашид ч улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотолсон байна.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр орны хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжин хөгжихийн ерөөл дэвшүүлжээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо 1967 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээсэн. Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхээр хоёр тал 2001 онд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
төрийн 3 өндөрлөг гэдэг нь юу гэсэн үг юм болдоо. уг нь ерөнхийлөгч, уих дарга, ерөнхий сайд нар гэмээр юмаа.
2014-01-03