А.Мөрөн: Тэнд намайг “Монгол” гэж дууддаг
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Мөрөн Тайландын “FC Краби” багтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж, нэгдүгээр лигт хүчин зүтгэхээр болсон билээ. “FC Краби” багийн эзэн Сомкиат Киттидракул багаа шинэ улирлын тэмцээнд амжилттай оролцуулах болон Премьер лигт дэвшүүлэхийн төлөө шинэ тоглогчид шалгаруулан авсны дотор манай улсын тамирчин багтжээ. Тэрбээр багийн менежер болон холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр “UBS” телевизийн байранд хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
6
-Гэрээ байгуулан, тоглох гэж байгаа багийнхаа тухай яриач?
-2009 онд байгуулагдсан. Дээд лигүүд рүү дэвшихийн тулд орон нутгийн чанартай лигүүдэд өрсөлддөг. Энэ баг маань анхны тоглолтдоо зургаа, өнгөрсөн улиралд есдүгээр байрт шалгарч байсан. Тайландын нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг буюу аялал жуучлал нэлээд хөгжсөн хэсэгт байрладаг. Нэг удаагийн тоглолтыг нь 50 мянга орчим хүн үзэж сонирхдог гэдэг.
6
-Шалгалт өгч тэнцсэнээр энэ багт орсон шүү дээ. Үүнийхээ талаар?
-Эхлээд нөхөрсөг тоглолт хийдэг. Дараагаар нь багтаа авчирч бэлтгэл хийнэ. Ингэхдээ дасгалжуулагч нь хүч хурд техник, хөдөлгөөний эвсэл, тоглолтыг яаж ойлгож байна, дээр нь мэргэжлийнх болохоор тактик, тоглолтыг хэр сайн ойлгож байна гээд бүгдийг нь харна. Миний хувьд очсон өдрөө шууд онгоцноос буугаад шалгуулсан. Тэгээд дасгалжуулагч нарт таалагдаж, намайг өөрсдийнхөө байранд аваачиж уулзаад, гэрээ байгуулахаар болсон.
7
-Ихэнх тамирчидтай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулдаг гэсэн. Харин тантай хоёр жилийн гэрээ байгуулсан?
-Харин тийм. Манай багийн дасгалжуулагч нарт миний тоглолт таалагдсан юм шиг байна лээ. Эхний өдөр тоглолтын хоёрдугаар үеэс ороод 20 минут тоглосон. Тэгээд намайг өөрсдийн байран дээрээ авчраад багийн дарга нартай хоол идсэн. Тэд тамирчидтайгаа хооллож, онгоцны буудлаас тосдоггүй. Харин намайг шигшээ багийн тамирчин гэдэг утгаар маш дотно байж, хүндэтгэлтэй харьцдаг. Мөн хоёр жилийн гэрээ хийсэнд маш их баяртай байгаа. Бас намайг том багууд руу ороход тусална гэж ярьж байсан. Миний хувьд бэлтгэлээ сайн хийгээд Тайландын Прьемер лиг рүүгээ орж, эх орныхоо нэрийг гаргахыг зорьж байгаа. Ер нь намайг тэнд Мөрөн гэж нэрээр маань дуудаггүй Монгол гэдэг.
7
-Нууц биш бол хэдэн төгрөгийн цалин авахаар гэрээ хийсэн бэ?
-Цалинг манай менежер багийн дарга хоёр хоорондоо ярилцсан гэсэн. Баг тамирчдын цалин нууц байдаг. Гэхдээ бэлтгэлийн бонус гэж цалингаас гадна авдаг. Монгол мөнгөөр бодвол долоо хоногийн /6 өдрийн бэлтгэл/ 160 мянган төгрөг орчим юм уу даа.
7
-Шинэ улирлын тоглолт ирэх сарын 21-нд эхэлнэ. Гараанаас тоглоно гэж сонссон юм байна?
-Би энэ сарын есөнд буцаж өөр хотод “Camp”-д байрлан шинэ улирлын тоглолтын бэлтгэлээ хийнэ. Багтаа довтлогч байрлалаар тоглож байгаа. Харин гараанд тоглоно гэдгээ сайн мэдэхгүй байна. Гарааны тамирчдыг тоглолтын өмнөх өдөр дасгалжуулагч шийддэг. Бэлтгэл дээр хэн сайн байгааг нь тоглуулдаг.
7
-Бэлтгэлийнхээ талаар?
-Өглөө 8:00 цагт эхэлж, 2-3 цаг, өдөр амраад 17.00 цагаас 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Долоо хоногийн зургаан өдөрт.
7
-Манай хөлбөмбөгчид олон улсын багт шалгуулаад ороход хэр боломжтой санагдав.
-Биеэр очоод нүдээр харж байхад Монголын тамирчид Тайландад тоглох чадвартай гэж бодож байгаа. Өөрсдөө мэрийлттэй хөдөлмөрч байх юм бол Тайландын Прьемер лиг бүр цаашлаад том том лигт тоглох чадвартай. Харин дөнгөж хичээллэж байгаа хүүхдүүдийг багаас нь зөв сургах хэрэгтэй.
7
-Хэзээнээс хөлбөмбөг тоглоод хэдэн жил болж байна. Монголынхоо шигшээ багт хэзээнээс тоглож эхэлсэн бэ?
-14 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхлээд шигшээ багт 16-тайдаа орсон. Эхлээд тавдугаар сургуулиас тоглож байгаад Сэлэнгэ пресс лигийн багт тоглож эхэлсэн манай багийнхан миний зардлыг дааж, лигийн тэмцээнүүдэд тоглуулдаг байсан. Би Америкт дасгалжуулагч-менежер мэргэжлээр суралцаж байсан. Тэгээд зундаа хичээл амраад Монгол руугаа ирж лигтээ тоглоод байнгын бэлтгэлтэй байдаг. Мэргэжлийн тамирчин болсондоо баяртай байгаа.
7
-Хөлбөмбөгийн анхны мэргэжлийн тамирчин болсны хувьд улсдаа хөлбөмбөгийг хөгжүүлэхэд юу хийе гэж бодож байна?
-Хөлбөмбөгөөр хичээллэж буй хүүхдүүдэд итгэл, зорилго өгөхийн тулд мэргэжлийн тамирчин болохыг хүссэн. Одоо мэргэжлийн багт тоглоод дэг журам зэрэг бүх зүйлийг нь биеэр үзэж байна. Мөн цаашид дэвшин том багт орж тоглохоор хичээж байна. Ийнхүү явж байгаад буцаж ирэхдээ өөрийн мэддэг чаддаг, сурсан бүхнээ хүүхдүүдэд зааж, н.Шархүү багшийнхаа хийж явсан тэр бүхнийг хийнэ гэж бодож явдаг.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ