Эр хүний жудаггүй “анчид”
Монгол эр хүн гэдэг ёс төртэй, уужуу ухаантай, алсын хараатай, моринд эрэмгий, ан авд хийморьтой байж, ханьдаа халамжтай, үр хүүхэддээ үлгэр дууриалал болох учиртай. Олон зууны туршид монгол эр хүн ёс жудагтай байж, улс эх орноо, хамгаалан өмгөөлж, нөмөр нөөлгөө үзүүлсээр ирсэн гэдгийг түүх гэрчилнэ.
f
Гэвч жилээс жилд эр хүний нэр хүнд унаж байгаад харамсах юм. Хотын гудмаар эр эм нь мэдэгдэхгүй урт үстэй, бариу өмдтэй залуус “гангарч”, уужуу тайвнаар асуудлыг шийдэхээсээ урьтаж, хутга шөвөг, бууны асуудалд “ороогдож”, архинд мансуурч, эхнэр хүүхэддээ эр бяраа үзүүлсэн баримт мэдээлэл ч өдөр бүр гарах болж. Гэтэл сүүлдээ эр хүний хийморио шалгадаг ан авыг ч хийж чадахаа больчихсон байх юм.
.
Монголчууд эрт дээр үеэс олзонд нүд аньж сурсан буюу хэзээ гох мултлахаа мэддэг болсон хүнд анчин гөрөөчин нэр хайрладаг байсан гэдэг. Харин одоо төмөр хүлэг, цэц сайтай буугаар зэвсэглэсэн залуус өөрийгөө анчин хэмээн өргөмжилж, цээжээ дэлдэн хөөрцөглөх болсон нь нууц биш. Гэтэл төмөр машинаар эцэж цуцтал нь хөөж гүйцээд, буугаар бууддаг байснаа болиод дайрч алдаг болж. Хээрийн чоныг дайрч алчихаад түүнийгээ хийморьтой байна гэж онгирох, “ухаалаг” гар утсандаа ухаангүй үйлдлээ баримтжуулж байгаа “жип” унасан эрчүүд гэртээ очоод өөрөөрөө бахархаж "онгирч" суугаа байх даа.
.
Хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойдоо алагддаг чоно хэмээх сүрлэг амьтныг дахин дахин дайрч, машинаасаа буугаад үхсэн эсэхийг нь ч шалгачих зориггүй эрчүүд байх гэж дээ. Өвөг дээдэс минь “амьтны амь хороох нь нүгэл” хэмээн зэмлэдэг байлаа. Нүглийн төлөөс эргэж ирэхээрээ хатуу байдаг юм гэж захидаг байлаа. Байгаль дэлхийн хишгийг хайрлах ухаангүй эрчүүд, эх орон, ээж, аав, элгэн саднаа хайрладаг гэдэгт эргэлзэж байна. Хайрлах сэтгэлгүй, зүрхгүй, зориггүй эрчүүд дахин битгий төрөөсэй.
_
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ