Мел Гибсон: Од байна гэдэг яг л сэтгэцийн өвчтөн шиг байхыг хэлдэг
Алдарт жүжигчин, кино найруулагч Мел Гибсоны “Vogue” өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр “Хатан зоригтон”, “Эх оронч” киногоороо дэлхийд алдаршсан юм.
-“Эмэгтэйчүүд юу хүсдэг вэ” кинонд та сайхан бүсгүйчүүдтэй хамтарч тоглосон. Тэр үеэ эргэн дурсвал?
-Тийм ээ. Чи мэднэ дээ, тэд бүгдээрээ үнэт эрдэнэ шүү дээ. Мариса, Хелен хоёр чадварлаг жүжигчид. Энэ кинонд тэд дүрээ үнэхээр гайхамшигтай илэрхийлж чадсан. Үүнээс би их туршлагатай болсон.
-Хелен Ханттай хамтарч тоглосон нь олонд таалагдсан. Түүнийг их ухаалаг бүсгүй гэлцдэг?
-Хелен бүх асуудалд ухаалаг ханддаг, ухамсартай бүсгүй. Аливаа зүйлийг олон талаас нь харж байж, эцсийн шийдвэрээ гаргадаг. Би түүнтэй хамт кинонд тоглохдоо их зүйл сурч авсан шүү. Хелен үнэхээр гайхалтай, бас үзэсгэлэнтэй бүсгүй.
-Аав тань амь өрссөн, биеийн хүч шаардсан том тэмцээнд оролцож, түрүүлсэн гэсэн. Аавын тань эрч хүч танд өвлөгдсөн байх?
-Би Америкт төрсөн. Гэвч намайг бага байхад гэр бүл маань Австрали руу нүүсэн юм. Тэр үед аав энэ тэмцээнд оролцсон. Энэ нь түүний сонирхол байлаа. Аав маань их агуу хүн. Хүчирхэг булчинлаг биетэйгээс гадна, математик, газар зүй, уран зохиолын өргөн мэдлэгтэй. Мөн эмээ маань Австралийн дуурийн дуучин байсан.
-Жеоффери Раш та хоёр урлагийн дунд сургуульд нэг ангид сурч байсан гэсэн?
-Тийм. Бид зарим тоглолтод хамт оролцож байсан. Жеоффери Францын урлагийн сургуульд шилжсэн. Тэр миний туулсан амьдралаас тэс өөр замаар явсан хүн. Би урьд нь түүн шиг сонирхолтой хүнтэй уулзаж байгаагүй. Тэр жинхэнэ уран бүтээлч.
-Та Петер Вэйр, Жеорж Миллерын нэлээд кинонд тоглосон. Тэд таныг кино найруулагч болоход нөлөөлсөн үү?
-Тэдний арга барил, туршлага нь их нөлөө үзүүлсэн. Би ч их зүйл асуудаг байсан даа. Байнга л “энэ юу вэ, үүнийг яах вэ” гэж шалгаана. Тэд надад кино найруулагч болох бүх зүйлийг заасан. Бүр эхнээс нь заалгасан юм. Эхэндээ ч ядаргаатай байдаг байлаа. Заримдаа маргалдана. Одоо ч надад сурах зүйл их байна. Би хэзээ ч кино театр руу явж байгаагүй. Гэрийнхээ хар телевизээр кино үздэг байсан даа. Шинээр гарсан кино болгоныг алгасалгүй үзэж, дүрийг нь дотроо төсөөлдөг байлаа. Түүнээс биш кино найруулагч болно гэж бодож байгаагүй.
-Таны байгаа байдал их энгийн. Бас өөрийнхөөрөө. Энэ нь таны бүтээсэн дүрээс илэрхий байдаг?
-Би өөрийнхөөрөө байх дуртай. Энэ араншин маань намайг чимдэг. Би чинь хатан зоригтон шүү дээ.
-Дэлхийн алдарт жүжгийн нэг “Гамлет”-д хэрхэн тоглосон бэ. Та их онцгой харагдаж байсан?
-Тоглож байна уу. Би “Гамлет”-д тоглохдоо дүрээ дутуу илэрхийлсэн. Жүжгийнхээ зохиолыг сайн уншиж, дүрээ яаж илэрхийлэх вэ гэж их бодсон. Гэхдээ өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглож чадаагүйгээ буруутгадаг. Мөн залуу хүний дүрийг бүтээхэд хүндрэлтэй байсан. Тэр үед л би хөгширснөө мэдэрсэн юм.
-Гэхдээ хүмүүс таныг магтаж байсан. Таны тоглосон кино болгон хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Ялангуяа “Хатан зоригтон”-ы дүрийг та үзэгчдийн сэтгэлд хүртэл илэрхийлж чадсан?
-Би “Хатан зоригтон”-д тоглосон дүрээрээ бахархдаг. Нүсэр хувцастай юм хийж, хөдөлж их хөглөсөн. Гэхдээ би дүрээ сайн гаргаж чадсан. Харин “Гамлет”-д санаанд хүртлээ дүрээ илэрхийлж чадаагүй гэж өөрийгөө шүүмжилдэг. Үзэгчдэд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
-Кино найруулагч, үзэгчдийг байлдан дагуулсан од байх хоорондоо ямар ялгаатай вэ?
-Од байна гэдэг бол яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг байдаг. Хамгийн том асуудал нь тухайн дүрийг илэрхийлж чадах менежментийг зохион байгуулах. Кино хийх, дүр бүтээх хоёр их ялгаатай. Найруулагч байна гэдэг их хариуцлагатай, нарийн төлөвлөгөөтэй ажил. Сайн төлөвлөхгүй бол уналтад орно. Дампуурах ч эрсдэлтэй.
-“Хатан зоригтон”-д тоглохоосоо өмнө баатарлаг дүрд тоглож байв уу?
-Би багадаа баатарлаг үйлсийн тухай кино их үздэг байсан. Түүн шиг болох юм сан гээд мөрөөддөг байлаа. Тиймээс “Хатан зоригтон”-д тоглох урилга ирэхэд дүр нь сэтгэлд шууд буусан. Тэр даруйдаа зураг авалтандаа орох сэтгэл төрж байлаа.
-“Эх оронч” кино тань бокс оффисын шилдгийг олон долоо хоног тэргүүлсэн. Та хүний сэтгэлд хүрсэн дүрийг бүтээхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөг вэ?
-Дүрээ байнга бодож, судалдаг. Толгойдоо төсөөлж, зүүдэндээ хүртэл бодно. Бүр дүрдээ ороод заримдаа солиотой хүн шиг болчихдог.
-Америк, Австралийн хөгжил хэр ялгаатай вэ?
-Ялгаа бараг байхгүй. Би Сиднейн ойролцоох эдлэндээ малын фермтэй. Гэхдээ тийшээ нэг их яваад байдаггүй. Уг нь ихэнх цагаа тэнд өнгөрүүлмээр санагддаг юм. Австралид зураг авалт нь болох ямар ч кинонд би тоглоход бэлэн байна.
-Та австрали хүн үү. Америк уу. Эсвэл эрлийз юм уу?
-Ээж маань австрали хүн. Тэгэхээр би эрлийз юм байна. Сурвалжлагч болгон л ингэж асуудаг юм. Би ээжийнхээ нутгаар бахархдаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ