Гурван сая дахь иргэн болон чацуутнуудыг “өндөр” шагнана
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам зүйн тооцоог танилцууллаа. Энэ тооцоогоор Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 2 дугаар улирлын эхээр төрнө. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71.0 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрөх магадлалтай аж.
Тиймээс Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулах ажлын бэлтгэлийг одооноос эхлэхээр болжээ. Энэ ажлыг зохион байгуулах комиссыг Засгийн газрын холбогдох гишүүдийг оролцуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулах аж.
Гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ