Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Зургаан бүлэг, 27 зүйлтэй Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
Энэхүү хуулийн төсөлд галт зэвсэг өмчлөх, эзэмших, галт зэвсэг, сум ашиглах, хадгалах, худалдах, цуглуулах, үзмэрт тавих, бүртгэх, зөөх, тээвэрлэх, хураах, устгах, тооллого явуулах, Монгол Улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Манай улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг даган мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж иржээ.
Өнгөрөгч оны байдлаар Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 ширхэг галт зэвсэг байна. Цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул түүнийг худалдан авах, ашиглах, эзэмшихтэй холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ