58.9 тэрбум төгрөгийн ҮХЭЛ импортложээ

img

Гаалийн ерөнхий газрын 2010 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн аудит хийжээ. Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн холбогдох албан тушаалтнуудад нийт долоон зүйл бүхий зөвлөмж өгөгджээ. Тодруулбал, Монгол Улсын нийт экспортын 65.6 хувийг эзэлж буй уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнийг экспортын татваргүй, хураамж авах төдийхнөөр экспортод гаргаж байгаа нь боловсруулах үйлдвэр байгуулж хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнд экспортын гаалийн тарифыг ялгавартай тогтоох нь зүйтэй гэсэн санал байв. Харин дараагийн асуудал нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, импортыг орлох аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэвтрүүлэх гэх мэт эцсийн үр дүнгээрээ эдийн засгийн хоцрогдол, хараат байдлыг багасгах, ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулах явдлыг дэмжихэд гаалийн татвар, тарифын бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна хэмээжээ. Мөн арьс шир, зэс, бусад металл, нефтийг дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж эцсийн бүтээгдэхүүн экспортлох явдлыг урамшуулах, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, нэхий эдлэл, савхин хувцас, үслэг арьсан хувцасны экспортыг нэмэгдүүлэхэд татвар, тарифын бодлого чухал үүрэгтэй байгааг ч дурьджээ. Архи 10 нас, тамхи таван нас Архи 10 нас, тамхи таван нас хулгайлдаг гэдэг. “Хүний биед сайн нөлөө үзүүлнэ” гэх ямар ч рекламны дэмжлэг авч чаддаггүй эл хоёр ҮХЭЛ таригч хор Монголчуудын халааснаас тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө “татжээ”. Тодруулбал, импортоор 2010 онд 38.1 тэрбум төгрөгийн тамхи, 20.8 тэрбум төгрөгийн архи оруулсан байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн  “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 2009, 2010 оны судалгаагаар нийт хүн амын 27,7 хувь тамхи хэрэглэдэг, үүнээс эрэгтэйчүүд 48.5 хувийг, эмэгтэйчүүд 6.9 хувийг эзэлж байна. Мөн нийт хүн амын 38.6 хувь нь архийг тогтмол хэрэглэдэг ба эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.1 хувь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг үзүүлэлт гарчээ.  Угаар үйлдвэрлэгчдийн тоо эрс нэмэгджээ Монгол Улсын хилээр сүүлийн 6 жилд импортоор оруулсан суудлын автомашины тоо 128.409 ширхэг буюу 76.5 хувиар, үүний дотор 2010 онд өмнөх оноос 214.9 хувиар өссөн байна. Утаа, угаар үйлдвэрчлэгчдийн өссөн үзүүлэлт бүхий тоо нь автозамын ачааллыг эрс нэмэгдүүлж, улмаар агаарын бохирдолд ч нөлөөлөх болсон. Тиймээс гаалийн татварын бодлогыг оновчтой явуулах шаардлага байна гэх саналыг тавиад байгаа аж. Гаалийн байгууллагын хэмжээнд 2010 онд 25.0 тэрбум төгрөгийн гаалийн татвар, 0.7 тэрбум төгрөгийн онцгой албан татвар, 50.2 тэрбум төгрөгийн НӨАТ-аар нийт 75.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид эдлүүлсэн ба тус хууль мөрдөгдөж эхэлснээс хойш жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг цөөн хэдэн компани, иргэд худалдан борлуулах зорилгоор оруулж иржээ. Мөн тухайн компани, иргэд ашиг олсноос бус, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлснээр импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажлын байр нэмэгдсэн үзүүлэлт харагдахгүй байгаа тул Засгийн газраас гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр нөлөөг сайжруулахад нэгдсэн бодлого хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг  дурьджээ. Мөн шалгалтаар Улаанбаатар дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай нефть агуулахын дуудлага худалдааг зохион байгуулж явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41.1, 42.4, 39.2.2-39.2.5, 36.2.1, 2, 3, 5 дахь заалтыг тус тус зөрчсөн нь илэрчээ. Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн 1,64  тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоож, улсын төсөвт төвлөрүүлж, 2,53 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага өгч хэрэгжүүлэх арга хэмжээ авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ