Өмнөд Суданы армийн генерал амиа алджээ
Бор хотод болсон тулалдааны үеэр Өмнөд Суданы армийн генерал Жамес Хотт Май толгойдоо буудуулан амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Босогчдын талд эзлэгдээд буй Бор хотыг буцаан авахаар Засгийн газраас 2000 орчим цэргийг нэмэгдэл хүч болгон илгээгээд байсан юм.
Талууд өнгөрсөн бямба гарагт эвлэрлийн хэлэлцээр хийхээр болсон ч гэрээний нөхцлөөс болоод түр хойшлуулсан аж. Харин Өмнөд Суданы эрх баригчид хэлэлцээрийг хойшлуулсанаар хэдэн зуун хүний амийг үл тоолоо гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус улсын Ерөнхийлөгчийг буруутгасан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд эхэлсэн иргэний дайны улмаас Өмнөд Суданы 1000 орчим иргэн амиа алдаж, 200 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Ерөнхийлөгч Салва Кийрийн эсрэг тэмцсэн босогчид улам хүчээ авсаар байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ