Л.Болдбаатар: Газын салбарыг бодлогоор дэмжээд өгвөл бид бэлэн
Манай сайт Утаагүй улаанбаатар цуврал ярилцлагыг эхлүүлж байна. Ес эхэлсэн энэ үед Улаанбаатарын агаар биднийг улам л амьсгалахад бэрхшээлтэй болгосоор. Жил бүр утааг бууруулна гэж ярьдаг ч үр дүнд төдий л хүрэхгүй байгааг өнөөдөр бүгд харж байна. Тэгвэл утааг бууруулах нэг гарц нь газ байдаг ч манайд энэхүү эко хэрэглээ төдийлөн дэлгэрч чадахгүй байгаа юм. Бид энэ талаар “ЮниГаз” ХХК-ийн Бизнес хөгжлийн албаны захирал Л.Болдбаатартай ярилцлаа.
6
-Юуны өмнө компанийнхаа талаар танилцуулаач?
-Манай компани Монгол, Японы хөрөнгө оруулалттай. 2004 оноос газын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Бид газын импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Газын зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг.
Манайх Улаанбаатарт 8, Дархан-Уул аймагт нэг салбартай. Удахгүй Эрдэнэтэд салбараа нээхээр ажиллаж байна. Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ явуулж буй аль ч байгууллага хөдөө орон нутагт маш цөөн салбартай байдаг.
5
-Уг нь газ утааг багасгах нэг гарц. Гэвч манайд энэ төрлийн бүтээгдэхүүн төдийлөн хөгжихгүй байх шиг?
-Газ нь эко бүтээгдэхүүн гэж явдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 хувийг гэр хороолол, 20 хувийг автомашин, үлдсэн хувийг нам даралтын зуух эзэлдэг. Газын хэрэглээг нэмэгдүүлбэл утааг багасгах боломжтой. Монголын нөхцөлд өрхөөс гарч буй утааг багасгах хэцүү. Газ өөрөө өртөг өндөртэй бүтээгдэхүүн тул үнийн хувьд нүүрс зэрэгтэй өрсөлдөхөд хүндрэлтэй. Автомашинаас ялгарч буй утааг багасгахын тулд төр бодлогоор газын машины хэрэглээг дэмжвэл боломж байна.
6
-Газын салбарыг ямар байдлаар дэмжвэл утааг бууруулах боломжтой вэ?
-Газан машины хэрэглээг дэмжих, гэр хорооллын хэрэглээг газ руу шилжүүлэх гэх мэт байж болно. Одоогийн байдлаар онцгой албан татвар, гаалийн албан татварыг төрөөс дэмжээд тэглэсэн байгаа. Гэтэл Улаанбаатарт 230 орчим мянган машин байгаагийн 10 орчим мянга нь л газаар ажилладаг. Үүнийг хувилаад бодвол дөнгөж 4 орчим хувийг л эзэлж байгаа юм. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, дэмжиж байгаа ч энэ төрлийн машин нэмэгдэхгүй байна гэсэн үг.
7
-Тэгэхээр энэ дэмжлэг үр дүнд хүрэхгүй байна гэсэн үг үү?
-Энэ дэмжлэг бол эхний шат. Газын машины тоог нэмэгдүүлэх дараагийн шатны арга хэмжээ нь дугаарын хязгаарлалтыг нь тэглэх, нэгдүгээр эгнээгээр зорчуулах, нийтийн тээврээ газ руу шилжүүлэх зэргээр эко бүтээгдэхүүн гэдэг үүднээс нь дэмжиж өгөх хэрэгтэй. Мөн газан машины албан татварыг тэглэх, газан машин хэрэглэгчдэд татаас олгох зэргээр төрөөс бодлогоор дэмжвэл тоо нь өсөх боломжтой юм.
7
-Газын хангалт манайд хэр байдаг вэ. Хоёр сарын өмнө хомсдол үүссэн гэх асуудал гарч байсан?
-Газын хомсдол бол үүсээгүй. Нийлүүлэлт талаасаа хамааралтайгаар 2-3 өдөр тасарсан асуудал бий. Гэхдээ цаашдаа энэ төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг компаниуд нэмэгдэж байгаа болохоор ер нь бол тасалдахгүй.
7
-Танайх Японы хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа Монголд үр өгөөж муутай гэх яриа байдаг. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Үүнийг юутай харьцуулж ийм дүгнэлт хийснийг би сайн мэдэхгүй байна. Энэ бол харьцангуй ойлголт. Компани цаашаа өсөн дэвшиж, өсөхийн тулд орж буй хөрөнгө оруулалтаа эргээд үйл ажиллагаандаа зарцуулдаг. Салбараа нэмэх, ажилчдаа сургах, ажилчдын тоог өсгөх гэх мэтээр эргээд Монголд л үлдэж байгаа. Түүнээс биш ашгаа бүгдийг нь хөрөнгө оруулсан газар руугаа өгчихдөг гэвэл өрөөсгөл. Бараг л ийм зүйл байхгүй дээ.
7
-Хичнээн ажилтантай вэ?
-Одоогийн байдлаар 170 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүн дээр нэмээд 3 япон мэргэжилтэн байгаа.
7
Компаниуд бүгдийг дангаараа хийхэд хэцүү
7
-Бусад орны газын хэрэглээ ямар байдаг юм бол. Анх ямар байдлаар газыг хэрэглээ болгон дэлгэрүүлж чадсан байдаг вэ?
-Өндөр хөгжилтэй орнуудад газын хэрэглээ маш их дэлгэрсэн байдаг. Япон, Англи зэрэг орнууд тэр чигээрээ газ хэрэглэдэг. Өрхийн дулаан, хийн зуух зэрэг нь газаар ажилладаг.
Бусад орны жишгийг харахад, дэд бүтцийг улсаас нь шийдээд өгчихсөн байдаг. Компаниудын хувьд айл руу орж буй угсралтын ажлыг нь л хийж, газ нийлүүлэх зарчмаар явдаг. Барилгын норм дүрэмдээ хийн хангамжийн сүлжээ байгуулахыг тусгаж, хотууддаа энэ төрлийн сүлжээг давхар оруулж өгдөг. Гэтэл манай улсад холбоо, дулаан, цахилгаан орох ёстой гэсэн шаардлагыг тавьдгаас бус хий гэсэн зүйл огт байдаггүй.
7
-Та дээр газ үнийн тал дээр өрсөлдөх чадваргүй гэсэн. Тэгвэл ирээдүйд бусад орны жишгээр орон сууцны айлуудын халаалтыг энэ төрлийн бүтээгдэхүүнээр шийдэх зэргээр газны хэрэглээг нэвтрүүлэх боломж Монголд бий юу?
-Энэ тал дээр гаргасан судалгаа байдаг. Айлын зуухны хэрэглээний тухайд өртөг гайгүй. Сардаа 5 орчим кг байдаг. Гэхдээ зуухан дээр ашиглаад айлуудын утааг багасгах боломжгүй. Хамгийн гол нь халаалт. Үүнийг шийдэхийн тулд сардаа дунджаар нэг өрхийн зөвхөн хэрэглээ нь 800 орчим мянган төгрөг болно. Гэтэл энэ нь тухайн өрхийн бараг жилийн дулаан цахилгааны мөнгө болохоор Засгийн газрын оролцоогүйгээр бий болгоно гэвэл бүтэшгүй асуудал. Тиймээс төрөөс энэ бүх норм дүрмээ шинэчилж байж энэ салбарыг хөгжүүлнэ гэхээс компаниуд дангаараа энэ бүхнийг хийнэ гэхэд хэцүү.
7
-Хэрвээ төрөөс татаас өглөө гэхэд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын боломж бололцоо хэр байгаа вэ?
-Энэ бол асуудалгүй.
7
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ