
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхаарлыг татсан гол үйл явдал Ираны нийслэл Тегеранд өрнөсөн юм.
Ираны оюутнууд Тегеран дахь Их Британийн элчин сайдын яамны урд эсэргүүцлийн жагсаал хийсэн ба улмаар цэрэг цагдаагийн хамгаалалтыг даван гарч элчингийн байранд нэвтрэн төрийн далбааг нь урж шатаан, байрыг нь сүйтгэсэн билээ.
Энэ үйл явдалд Ираны гадаад хэргийн яамнаас хүлцэл эрсэн боловч Их Британи туйлын эмзэг хандаж байгаа юм.
Нэн даруй өөрийн улсаас Ираны дипломатчдыг гарч явахыг албан ёсоор шаардаж өөрийн дипломатуудаа Иранаас татсан юм.
Мөн Тегеранд Британийн элчинг сүйтгэсэн бүдүүлэг үйл явдлыг Ираны төрөөс зохион байгуулсан хэмээн англичууд буруутгаж байна. Үүнтэй зэрэгцэн Европын холбооны Франц, Голланд, Норвеги, Герман улсууд Иран дахь элчингийн ажилтнуудаа эргүүлэн татаад байна.
Европын холбоо ч тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах буюу АНУ, Их Британи, Канадын зүгээс Иранд тавьсан өргөн хориг арга хэмжээнд нэгдэж магадгүй болжээ.
“Ираны хувьсгалч залуус” хэмээх оюутны хөдөлгөөн үйл ажиллагаагаа зогсоохгүй дахин үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэнээр Европын орнууд ихээхэн эгдүүцэж дипломат харилцаагаа түр зогсоохоор ярилцаж байна.
Иранаас нефть байгалийн хий авдаг Газар дундын тэнгисийн орнууд одоогоор Ирантай харилцаагаа хэвээр хадгалж байгаа ч христ шүтлэгт орнуудын элчингүүдийг үргэлжлүүлэн түйвээнэ гэсэн заналхийлэл Ираны оюутнуудаас гаргаж байгаад эмзэглэж байгаа юм.
Иран, Их Британийн харилцааг хурцатгасан энэхүү үйл явдал өрнөхөөс өмнө АНУ-ын тагнуулын ажилтнуудыг Иранд баривчилсан тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан. Иранд төдийгүй Ливаны нийслэл Бейрутад ч АНУ-ын тагнуулын сүлжээ илэрч олон арван тагнуулын ажилтнууд баригдсан юм.

Ираны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Пакистан АНУ-ын харилцаа өнгөрсөн долоо хоногт мөн хурцадсан.
НАТО-гийн нисдэг тэргүүд Пакистаны хилийн постыг довтолсны улмаас Пакистаны армийн 25 цэрэг амиа алдсан нь стратегийн түншүүдийн харилцааг хурцатгасан юм.
Пакистан улс нэн даруй АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн асуудлаа эргэн харах болсноо мэдэгдэж эсэргүүцэл үзүүлсэн ба өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг НАТО-гийн бүх харилцаа холбоо, зам тээврийн сүлжээг хааснаа мэдэгдсэн юм.
Ийнхүү Пакистан АНУ, Их Британи Ираны харилцаа өнгөрсөн долоо хоногт тун эмзэг боллоо.

Мөн өнгөрсөн долоо хоногт Евро бүсийн эдийн засгийн хямралыг даван туулах асуудал хэрхэн шийдэгдэх тухай, цаашлаад Европын холбоо задрах эсэх асуудал олон улсын ажиглагчдын сонирхлыг татаж байлаа.
Их Британийн ерөнхий сайд сана Тони Блэйр ирэх оныг бид еврогүй угтаж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлд өгсөн нь олны анхаарлыг татсан юм.
Еврод итгэх итгэл алдарч байгаа энэ үед Тони Блэйрийн үг еврог улам нэрвэж байна хэмээн Францын ерөнхийлөгч Николя Саркози шүүмжилсэн байна.
Европын зарим орны банкууд хэдийнэ еврогоор бус өөрийн орны хуучин мөнгөн тэмдэгтээр идэвхтэй гүйлгээ хийж эхэлжээ.
Долоо хоногийн төгсгөлөөр Египетийн сонгууль дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Египетийн засгийн эрхийг барьж буй цэргийн дээд зөвлөл иргэддээ амласан ёсоор парламентын сонгуулийн санал хураалтыг өнгөрсөн сарын 28-нд эхлүүлсэн.

Харин Ази тивд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоны айлчлал анхаарал татаж байлаа.
Бирм улсын сөрөг хүчний лидер Аунг Сан Китэй Хиллари Клинтон уулзаж Бирм улс ардчилал шинэчлэлийн зам руу орж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.
Клинтоны айлчлалаас харахад АНУ Ази тивд Бирм хэмээх стратегийн шинэ түнштэй болохоор сонирхож байна хэмээн хэвлэлүүд бичжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаараа ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ