С.Эрдэнэ: Гэр бүлийн хөгжлийг төрийн түвшинд ярих шаардлагатай
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд “Миний гэр бүл” хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг байгуулахаар болсон байна. Мөн “Гэр бүлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлжээ.
Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс байдаг. Тиймээс гэр бүлийн бат бэх байдлыг хадгалах үүднээс салбарын яамнаас дээрх урилгыг гаргажээ. Энэ талаар ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ “Манай улс хүн амын өсөлтийн хамгийн таатай цаг үедээ явж байна. Энэ үед гэр бүлийн хөгжлийн асуудлыг төрийн бодлогын түвшинд зайлшгүй авч үзэх шаардлагатай. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд үзүүлэх төрийн халамжийг бодитой болгох талаар энэ жил ажлаа эхэлж байгаа” гэлээ.
Манай улсын хэмжээнд 768 мянга 263 гэр бүл байдаг аж. 2012 оны “Гэр бүлийн өнөөгийн байдал, амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт чиг хандлага” судалгаагаар хосууд гэрлэлтээ бүртгүүлэх асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь тогтоогджээ. Иймээс жил ирэх тутам хамтран амьдрагчдын тоо өсч байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөх, хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх зэрэгт хүндрэл учруулж буй аж. Түүнчлэн, гадаад иргэнтэй болон ижил хүйстэнтэйгээ гэр бүл болох, хэн нэг нь гадаадад ажиллаж амьдран олсон орлогоороо гэр бүлээ тэжээдэг гэх мэтчилэн монгол гэр бүлийн хэв шинжид задрал гарч буйг мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Жишээ нь, манай улсын иргэд 2007 оноос хойш 81 орны нийт 6128 гадаад иргэнтэй гэр бүл болсон бол тэдний 476 нь гэр бүлээ цуцлуулсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ